ТАНИЛЦ: Оюутолгойн Хянан шалгах түр хорооноос Засгийн газарт өгч буй "ДААЛГАВАР"

Zuv.mn
3 цаг 55 минутын өмнө

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо УИХ-ын тогтоолын төслөө бэлэн болгожээ. Тогтоолын төслийг өнөөдөр Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Тогтоолын төслийг Хянан шалгах түр хорооны гишүүн, УИХ дахь Ардчилсан намын төлөөлөл Б.Жаргалангийн "Фэйсбүүк" хуудастаа танилцуулснаар та бүхэндээ хүргэж байна. 

Тэрбээр "Оюутолгойн Хянан шалгах түр хороо 6 сарын туршид ажилласны үр дүнд өнөөдөр тогтоолын төслөө УИХ-д танилцуулах гэж байна.

Түр хорооноос 3 өдрийн нээлттэй сонсгол зохион байгуулахын зэрэгцээ хянан шалгагч, шинжээчдийн тайлан, түр хорооны санал дүгнэлт зэрэг баримт бичгийг баталж, УИХ-ын тогтоолын төсөл санаачилснаар ийнхүү түр хорооны ажил дуусгавар болж байна.

УИХ-ын тогтоолоор Засгийн газарт дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэл өгч байгаа.

Энэхүү тогтоол батлагдсанаар Засгийн газрын хөрөнгө оруулагч талтай хийж буй хэлэлцээрийн ажлын даалгавар тодорхой болж байгаа юм. Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх нь УИХ, Засгийн газар төдийгүй нийт монголчуудын хүсэл зориг мөн билээ.

Хамтран ажилласан түр хорооны гишүүд, сонсголд хүрэлцэн ирсэн гэрчүүд, хянан шалгагч, шинжээч нар болон Оюутолгойн төслийн талаар ямагт санаа зовниж, үнэтэй санал хэлж байсан бүх хүмүүст талархал илэрхийлье. Түр хороонд орж ажилласны хувьд УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг Засгийн газраас шаардаж ажиллах болно оо" хэмээн бичжээ. 

УИХ-аар хэлэлцэгдэх тогтоолын төсөл

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1/стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хилийн заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягталж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмыг хангаж байхаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах, ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалтын аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, баяжмалын агууламжийг уурхайн амнаас лабораториор хянан баталгаажуулж, экспортод гаргах;

2/Эрдэнэс МГЛ ХХК, Айвенхоу Оюу Толгой /БиВиАй/ Лтд, Оюу Толгой Нидерланд Би.Ви, Оюу Толгой ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг харилцан дүгнэх, алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнд холбогдох бусад гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх, хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг бодитоор бууруулах;

3/стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;

4/Монголын талын хүртэх үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан техник, эдийн засгийн үндэслэл /2010 оны/-ийн анхны тооцооллын дагуу нэрлэсэн үнээр 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, уг хувь хэмжээг 3 жил тутам харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлж, Оюу Толгой ХХК-ийн үйл ажиллагааны жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнах;

5/Оюу Толгой ХХК-ийн экспортын борлуулалтын орлогыг Монгол Улсын Төв банк /Монголбанк/ болон арилжааны банкуудаар бүрэн дамжуулж авдаг болох.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.

 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна