Үндэсний статистикийн хорооны иргэдээ доромжилсон судалгаа

Zuv.mn
3 цаг 38 минутын өмнө

Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын 2025 оны III улирлын  тойм судалгааг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас танилцуулжээ.

Уг судалгааны өрхийн мөнгөн орлоготой холбоотой хэсгээс харахад, Монголын нийгэм баян, ядуу гэсэн хоёр хэсэг л хуваагдахаар эрчимтэй тэмүүлж байгаа нь дахин нотлогдлоо. Түүнчлэн, өрхийн орлогын дээд хэмжээг 4 сая төгрөгөөс дээш бүлэглэлгүй,  маш өндөр орлоготой, үүгээрээ дундаж цалингийн статистикийг дээш нь татаж, амьдрал сайхан, цалин өндөр байгаа юм шиг харагдуулдаг хэсэг бүлгийг нуун дарагдуулдаг байдлыг хэвээр үлдээсэн байна.     

Монголчууд эрчимтэй ядуурч байна

Үндэсний статистикийн хороо буюу төр нь өрхүүдийн орлогыг тодорхойлохдоо ҮСХ 0-700,000, 700,001-900,000, 900,001-1,100,000, 1,100,001-1,600,000, 1,600,001-2,100,000, 2,100,001-3,000,000, 3,000,001-4,000,000, 4,000,000 төгрөгөөс дээш гэсэн найман бүлэгт хувааж авч үзжээ.

Ингэхэд, 4,000,000 төгрөгөөс дээш буюу хамгийн өндөр орлоготой өрхийн тоо /2025 оны III улирал/ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 83.8 мянгаар нэмэгдсэн бол хамгийн доод хэсэг буюу 0-700,000 төгрөгийн орлоготой өрхийн тоо 15.5 мянгаар л буурчээ.

700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 11.3 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 9.3 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 28.0 мянгаар, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 3.9 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 6.8 мянгаар буурсан байна. Доод зургаан бүлэг буюу 0-4,000,000 хүртэлх төгрөгийн орлоготой өрхийн тоо нийлээд 74.8 мянгаар өссөн нь өндөр орлоготой өрхийн өсөлтөөс даруй 10,000-аар дутуу байна.   

Тодруулбал,

  • 700.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 90.3 мянга,
  • 700.0-1600.0 мянган төгрөгийн орлоготой өрх 201.9 мянга, /292,2/
  • 1.6-3 сая төгрөгийн орлоготой өрх 326.7 мянга,
  • 3 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 395.7 мянга байжээ.

Үүнийг хувилбал, улсын хэмжээнд нийт 1,014,600 өрх тоологдсоны 90.3 мянга буюу 9 хувь нь хамгийн доод хэсэг буюу 0-700,000 төгрөгийн орлогоор амь зууж байна гэсэн үг юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг /ажил хийдэг л бол үүнээс доош цалин авахгүй/ гэхээр ажил хийдэг нэг ч хүнгүй бараг 100 мянган өрх байна гэсэн үг.

Нэг өрх /Монгол Улсын хүн ам 3,544,000:1,014,600 өрх/ 3,5 хүнтэй гэж үзвэл хамгийн багадаа 316,000 хүн нийгмийн хамгийн доод хэсэгт бичигдэж байна гэсэн үг юм.

Улсын хэмжээнд нэрлэсэн дундаж цалин 2.713  сая гэж тооцсон. Энэ нь өрхийн орлогын бүлэглэлийн /Нийтлэлийн эхэн хэсэгт найман бүлэгт хуваасан талаар бичсэн байгаа/ эхний таван бүлгээс их, зургаа дахийн ихэнхээс нь дээгүүр байна.

Бүхэл бүтэн Монгол Улсын хэмжээнд улсын дундаж цалингийн хэмжээний орлого олдоггүй 500,000 шахам өрх байна гэдэг бол үнэндээ эмгэнэл бөгөөд 4 саяас дээш буюу хэдэн төгрөгийн орлог олдгийг тодорхойлолгүй орхисон тэр хэсэгт  асар их баялаг хуримтлагдаж байгааг харуулна.

Үнэндээ, Үндэсний статистикийн хороо өрхийн орлогын хэмжээг бүлэглэхдээ эхнэр нөхөр нь хоёулаа 2,00 сая төгрөгийн цалинтай өрхөөс илүү өндрөөр бүлэглээгүй нь Монгол Улсад энэ хэмжээнд байхад л хамгийн дээд орлого гэж басамжилсан байдал бөгөөд нэгд, өндөр орлоготой гэж тооцох босгыг нам тавьж өгснөөрөө иргэдийн орлого нэмэгдэж байгаа мэт сэтгэгдлоийг хуурамчаар төрүүлэх, хоёрт, маш өндөр орлоготнуудыг нуух сөрөг үр дагавартай юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна