Н.Бямбажав "Улсын аварга малчин"-гаар шалгарлаа

Х.Есү
3 цаг 14 минутын өмнө

Айлчлан ирж буй XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж “Улсын аварга малчин”-аар тодорсон Луус сумын Буянт багийн малчин Нэргүйн Бямбажав, гэргий Сугирын Дэлгэржаргал нарт шагналыг гардууллаа.

Шагналыг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нар гардуулав.

Луус сумын Буянт багийн малчин Нэргүйн Бямбажав нь 1996 оноос хойш 30 жил тасралтгүй мал маллаж байна. Тэрээр өөрийн хүчээр жилд 2-3 тонн халтар хомоол, 1-1,5 тонн шар сүү, малын тэжээл бэлтгэн, шар сүүндээ таана түүж, хийн дарш бэлтгэж малаа тэжээдэг бөгөөд малын тарга тэвээр, хүч тамирыг алдагдуулахгүй онд ордог шилмэл арга туршлагатай.

Н.Бямбажавын хөдөлмөр бүтээлийг үнэлж 2019 онд “Сумын сайн малчин”, 2021 онд “Аймгийн сайн малчин”–аар шалгарч байжээ. Мөн Н.Бямбажавынх гэр бүлээрээ 2004 оноос эхлэн малынхаа сүү цагаан идээг боловсруулан, худалдан борлуулж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, жил бүрийн намрын үзэсгэлэн худалдаанд идэвх санаачилгатай оролцож, олон удаа шилдгээр шалгарч байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна