Д.Амарбаясгалантай холбосон улстөржилтөөс болж "Борлогдоогүй" Бортээгийг "Эрдэнэс Тавантолгой" ХК биш, Ж.Энхбаяр эргэлтэд оруулна

Zuv.mn
3 цаг 4 минутын өмнө

ТЭЗҮ нь боловсруулагдаад долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж буй Тавантолгойн Бортээгийн орд эдийн засгийн эргэлтэд ороход ойртжээ. Тус ордын ТЭЗҮ 2020 онд боловсруулагдсан бөгөөд  424 сая тн нүүрсний нөөцтэйгөөс 95%-ийг сул коксжих, 5%-ийг эрчим хүчний нүүрс гэдгийг баталгаажуулсан байдаг. "Эрдэнэс Тавантолгой" ХК өмнө нь цогцоор нь буюу олборлох, боловсруулах, экспортлох байдлаар эргэлтэд оруулах бодлого барьж, тендерээр МТАС түншлэлийг шалгаруулан, хуурай аргаар баяжуулах үйлдвэр баригдсан ч нүүрс борлуулах эрхийг уг үйлдвэрийг барьсан "Админерал" ХХК-д өгснөөс болж асуудал үүсэн зогсонги байдалд орсон байдаг. Компанийн зүгээс борлуулах эрхийг өгөхдөө баяжуулах үйлдвэрээс гарсан хаягдлыг зайлуулах үүргийг давхар хариуцуулсан нь ашигтай байсан гэж тайлбарласан ч "Админерал"-ыг үүсгэн байгуулагч хоёр хуулийн этгээдийн нэг нь УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн "баруун гар" гэгддэг Ц.Чулуунзагдын төрсөн ах Ц.Ламжав байснаас болж улс төрөө даалгүй зоосоход хүрсэн юм. 

Ийм байдлаар долоон жил тасалдсан Бортээгийн орд эдүгээ эдийн засгийн эргэлтэд ороход ойртжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой олон улсад нэр хүнд бүхий томоохон аж ахуйн нэгжүүдэд төслийн талаар танилцуулан нээлттэй санал авч, санхүү эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэнтуршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө болон бусад шалгуур үзүүлэлтийг харьцуулан судалсныүндсэн дээр сонгон шалгаруулж, шалгарсан этгээдтэй хэлэлцээр хийхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт үүрэг болгож, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, танилцуулахыг албан тушаалтнуудад даалгасан байна.  

Энэхүү ордыг ашиглахтай холбоотой бас нэг асуудал байдаг нь "Админерал" ХХК-ийн барьсан нүүрс баяжуулах үйлдвэр бөгөөд 60 орчим сая ам.долларын өртгөөс баригдсан гэдэг. Байгальд ээлтэй буюу нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологитой, уурхайгаасаа 18 км-ийн зайд их наяд төгрөгөөр баригдаж, дөнгөж саяхан 290 тэрбум төгрөгөөр туузан дамжуулга нэмж хийсэн  "Эрдэнэс Тавантолгой"-н баяжуулах үйлдвэрийг бодвол ордынхоо талбайд баригдсан эл үйлдвэрийг хэрхэх талаар Засгийн газрын албан мэдээлэлд огт дурдаагүй байна. Үйлдвэрийн одоо байгаа нөхцөл байдал тодорхойгүй бөгөөд газрын зөвшөөрлийг нь цуцалсан байдалтай байгаа юм. 

    






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна