Б.Тулга: Хариуцлагагүй, худал ташаа мэдээлэл тараасан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шүүхэд өгнө

Т.Отгонсувд
2 цаг 37 минутын өмнө

Өчигдөр буюву 2026 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хилийн зурвас орчимд хууль зөрчин олгосон 34 мянга гаруй га газрын зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэсэн. 

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулж, уг асуудалд Боомтын сайдаар ажиллаж байсан Б.Тулга холбоотой хэмээн мэдээлсэн. 

Тэгвэл Боомтын сайд асан, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд "2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын нэгдсэн хуралдааны нэр барин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илт худал, улс төрийн зорилготой, ноцтой гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийлээ. Тэрээр улсын дархан хилийн бүсийн 34 мянган га газрыг тухайн үеийн Ерөнхий сайд болон холбогдох сайд нар хууль зөрчин ашиглуулах зөвшөөрөл олгосон мэтээр мэдэгдсэн. Уг мэдэгдэлд миний нэрийг удаа дараа дурдсан тул Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайдаар ажиллаж байсан хүний хувьд албан ёсоор дараах байр суурийг илэрхийлж байна.

Нэгдүгээрт, Монгол Улсын Улсын Их Хурлаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн чухал хэсэг болох Боомтын сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, экспорт, логистикийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Хоёрдугаарт, “Боомтын хөгжлийн корпорац” ТӨХХК-ийг Засгийн газрын тогтоолоор байгуулж, хилийн бүс дэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг хууль тогтоомжийн дагуу баталсан. Энэ нь хувийн компанид газар “бэлэглэсэн” асуудал огт биш, харин төрийн өмчид төвлөрүүлэн, зохион байгуулалттай хөгжүүлэх бодлогын арга хэмжээ байсан.

Гуравдугаарт, дархан хилийн бүсийн газрыг хууль бусаар олгосон гэх мэдэгдэл нь үндэслэлгүй, улс төрийн зорилготой гүтгэлэг бөгөөд төрийн бодлогыг зориудаар гуйвуулсан үйлдэл гэж үзэж байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэхээр хэрэгжүүлж байсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хамгийн үр дүнтэй, бодит өгөөжөө өгсөн чиглэл нь “Боомтын сэргэлт” юм. Үүнийг эдийн засгийн тоон үзүүлэлтүүд бэлхнээ нотолж байна. Боомтуудын нэвтрүүлэх чадавхыг сайжруулж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлснээр экспорт, импортын хэмжээ өсөж, улсын төсвийн орлого эрс нэмэгдсэн.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Б.Тулга миний бие ажиллаж байсан хэдий ч тус хорооноос гарах шийдвэрийг ганцаарчлан гаргадаггүй. Тус хороо нь Монгол Улсын Засгын газрын 12 гишүүд болон хууль, хяналтын зэрэг байгууллагуудын төлөөлөл нийт 22 хүнээс бүрддэг бөгөөд асуудлыг хуралдааны үндсэн дээр хэлэлцэн, хамтын шийдвэр гаргадаг.

Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажил бүр хуулийн дагуу байснаас гадна Монгол Улсад үр өгөөжтэй шийдвэрүүд байсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Төрийн албан тушаалтан хүн олон нийтэд мэдээлэл хийхдээ баримтад тулгуурлах үүрэгтэй. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд үндэслэлгүйгээр, баримт нотолгоогүйгээр бүхий хүмүүсийг хууль зөрчсөн мэтээр олон нийтэд зарлаж байгаа нь өөрөө хууль зүйн хариуцлага хүлээх үндэслэл болно. “Дархан хилийн аюулгүй байдал” гэх үгийг улс төрийн зорилгоор хэн нэгийг харлуулах халхавч болгон ашиглаж, боомтын хөгжлийн бодлогыг сааруулах оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцлагагүй, худал ташаа мэдээлэл тараасан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт хууль зүйн хариуцлага тооцуулахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.251
    22 минутын өмнө

    Муу хулгайч битгий шах. Энхбаярын муу шүлсээ үсчүүлсэн муу гөлөг

    Хариулах
    • 59.153.113.221
      7 минутын өмнө

      Аа мэдэхгүи Тулга тиим гоомои юм хиих залуу биш л гэж хардагшдээ Хэн нь үнэн ярьсан нь эргэлзээтэи