Авлигын хэрэгт холбогдсон Б.Насантогтохыг дахин нэг сар цагдан хорино

Х.Есү
3 цаг 56 минутын өмнө

АТГ-аас Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, өнгөрсөн нэгдүгээр сард цагдан хорьсон. 

Тэгвэл түүнийг хадам дүү, хүргэний хамтаар дахин нэг сар цагдан хорихоор болжээ. 

Хэргийг тодруулбал, Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжээс ирүүлсэн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт баригдах уул уурхайн баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгуулах хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр буюу хүсэлт ирүүлсэн тухайн өдөр цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг баталсан.

Тэрбээр дээрх техникийн нөхцөл баталснаас хойно буюу 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эхнэрийн үүсгэн байгуулсан нэр бүхий аж ахуйн нэгжээр “Ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ”-г байгуулж өөртөө давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдсон.

Мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллаагаар Б.Насантогтохын гэрээс бэлнээр 10,600 ам доллар, 11,600 юань, 300,000 вонн, 3,440 евро, мөн түүний хамаарал бүхий этгээдийн гэрээс 70,000 ам.доллар буюу нийтдээ 350 орчим сая төгрөг нэгжлэгээр хураан авсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна