Б.Амарсайхан нар шүүхийн тогтоолыг саатуулах замаар ял завшиж байж болзошгүй

Zuv.mn
3 цаг 12 минутын өмнө

"Говь" компанийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нь энэ сарын 14-ний өдөр “Канте” бааранд болсон зодоонд бусдыг өдөөн турхирч оролцсон, энэ хэргийн улмаас хүн зодуулж гэмтсэн гэсэн мэдээлэл гараад байгаа билээ.

Тэрбээр өмнө нь "Эрэл" группийн захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нартай бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогдож, Хан-Уул дүүргийн нутгаас гарах эрхээ хязгааруулаад байсан бөгөөд Канте баар нь Сүхбаатар дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг тул түүнийг шүүхийн шийдвэр зөрчсөн байж бозошгүй гэсэн хардлага үүсээд буй.

Мэдээллийн Ubn.mn сайт энэ талаар хуулийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад "Хэрэгт оролцогчдын аль нэг тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргавал давж заалдах шатны шүүх хурал товлогдоно. Одоогоор аль нэг тал давж заалдах шатны шүүхэд хандаагүй байгаа. Хэрэв хуулийнхаа хугацаанд гомдол гаргахгүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгжээд явна. Хэрэв давж заалдах шатны шүүхэд гомдол гаргавал давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дараа шийдвэр хэрэгжинэ" гэсэн хариу өгсөн талаар мэдээлсэн.


Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйл, “Давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргах” хэсгийн 1-т “Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана” гэж заажээ.

Иргэний хэрэгт шүүгч ялыг уншиж сонсгосноос хойш давж заалдах хугацаа нь явж эхэлдэг бол Эрүүгийн хэрэгт Анхан шатны шүүх тогтоолоо бичгээр гаргаж, оролцогчдод гардуулснаас хойш давж заалдах хугацаа нь явж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тогтоолоо бичгээр гаргаж өгөлгүй удаашруулах замаар ял завшуулж байж мэдэх нөхцөл байдал харагдаж байгаа юм.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гардуулан өгөх хэсгийн  1-т "Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.

2.Шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор ирж гардан авахыг шүүх мэдэгдэнэ" гэж заасан байна.

Б.Амарсайхан Д.Саяннямбууг зодсон хэрэгтээ өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр ял авсан байдаг. Энэ өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр шийдэгдсэн хэргүүдээс зургаан хэрэг тогтоол нь хэдийнэ гарч, Шүүхийн шийдвэрийн цахим сан/ https://shuukh.mn/cases/2/1 /-д тавигджээ. Эндээс Анхан шатны шүүхийн тогтоол бичгээр гарч, холбогдох эзэддээ очсон байх бүрэн боломжтой байсан нь харагдаж байгаа юм.


Шүүх тогтоолоо бичгээр гаргалгүй алгуурласнаас болж Б.Амарсайханд оноосон Хан Уул дүүргийн нутаг дэвсгэрээс найман сар гарахгүй байх ялаас гадна Ц.Санжаачойпэлд оноосон ХУД-ийн нутаг дэвсгэрээс 1 жил , Э.Тэмүүлэнд оноосон СБД-ийн нутаг дэвсгэрээс 8 сар, Л.Алтан-Очирт БГД-ийн нутаг дэвсгэрээс 8 сар гарахгүй байх ял ч хэрэгжихгүй байх нөхцөл бүрджээ.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна