Вьетнамд үүрэг гүйцэтгэсэн монгол морьдыг буцааж авчрах асуудлыг хэлэлцлээ

Zuv.mn
3 цаг 0 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-аас жил бүрийн 7-р сарын 11-ний өдрийг "Дэлхийн адууны өдөр" болгон баталсан.

Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсэг өчигдөр /2026.02.26/-нд хуралджээ.

Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг боловсруулж танилцуулах тухай, "Нүүдэлчдийн соёлын өв- Мал аж ахуйн ногоон хөгжлийн хөтөлбөр"-ийн концепц, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, төсөв, шийдвэрлэх асуудлыг хэлэлцэв.

Мөн “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээнд оролцох гадаадын зочид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын жагсаалт, Бүгд Найрамдах Вьетнам Улсын морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн морьдыг эх орондоо авчрах, сэлгэх асуудлын явцыг танилцуулж, малчдын дунд цахим дэд бүтцийн хэрэглээг нэвтрүүлэх ажлын явцын  талаар хэлэлцэв.

Шадар сайд Х.Ганхуяг дэд ажлын хэсгүүдэд хариуцсан чиглэлээрээ хөтөлбөр, төлөвлөгөөг эцэслэж, арга хэмжээний үзэл баримтлал болон Ерөнхийлөгчийн санаачилгатай уялдуулан уриа, логоны загварыг боловсруулахыг үүрэг болгожээ. Ирэх долоо хоногт ажлын хэсгийн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, нэгдсэн төсвийг хэлэлцэн эцэслэж, зарим ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албаныханд Шадар сайд даалгалаа.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна