Э.Сарангэрэл: 14 настайдаа хойд эцэгтээ хүчиндүүлж, 20 жилийн турш зовлонт амьдралыг туулж өдий хүрлээ

Х.Есү
3 цаг 6 минутын өмнө

20 жилийн өмнө хүчингийн хэргийн хохирогч болсон Э.Сарангэрэл гэх эмэгтэй манай сайтын редакцид хандлаа. Тэрбээр 14 настайдаа хойд аавдаа хүчиндүүлж, өдийг хүртэл чимээгүй тэсэж амьдарсан талаараа бидэнд ярьсан юм. 

-Тухайн хэрэг таныг 14 настай байхад гарсан гэсэн. Тэр үедээ яагаад цагдаад хандаагүй юм бэ? 

-Тэр өдөр ээж маань ойрхон юманд явсан байсан. Ээжийг байхгүй хойгуур би хойд аавдаа хүчиндүүлсэн. Тухайн үед тийм хэрэг гарсныг манай ээж мэдсэн л дээ. Гэхдээ ээжийгээ бодооч дээ ээж нь нөхөргүй болно, бас хоёр дүүгээ бод. Дүү нар чинь аавгүй болно шүү дээ гэж надаас зөндөө гуйсан юм. 

Хойд эцэг гээд байгаа тэр хүн хүртэл сургууль соёл, амьдрах орон байр гээд бүгдийг нь шийдэж өгье цагдаад битгий хэлээч гэж гуйсан. Тийм болохоор би хэргийн талаар цагдаад хэлэх гээд очсон боловч зугтаачихсан юм. Харин одооноос эхлээд би цагдаагийн байгууллага, Хүний эрхийн комисс руу хандаж эхэлсэн. 

-Хэрэг гарснаас хойш 20 жил болсон байна. Энэ хугацаанд яагаад нууцалж байсан бэ?

-Би тэр хүнд итгэсэн л дээ. Одоо би хоёр хүүхэдтэй. Ойрхон хоёр ч удаа хагалгаанд орсон. Хэрвээ намайг үхээд өгөх юм бол миний үр хүүхдүүд яана аа гэж бодохоор л айж байна. Тиймээс би хойд эцгийгээ надтай ирж уулзаач ээ, надад хийсэн гэм нүглээ наминчилж надаас уучлалт гуйхгүй юм бол ядаж, охиныг минь эрдэм мэдлэгтэй болгож, их сургуулийн төлбөрийг нь бүрэн даа гэж ам авмаар байна. Тэр хүн надтай яаж холбоо барих, хаана очиж уулзхаа мэднэ. 

Би тэр хүнээс үнэтэй байр, машин нэхэхгүй ээ. Тийм хүсэл ч алга. Гэхдээ хойд эцэг минь "Би танай ээжид хашаа байшингаа үлдээсэн. Чи тэнд амьдар" гэж хэлж байсан юм. Би өөрийгөө бузарлуулсан тэр газарт яаж амьдарч чадах юм бэ? Хэн ч тийм газар дахиж амьдрахыг хүсэхгүй шүү дээ. 

Хэрвээ тэр хүн намайг ингэж хохироогоогүй бол би өнөөдөр энд ингээд уйлаад сууж байхгүй. Би өдөр болгон уйлдаг, өдөр болгон ганцаарддаг. Одоо ээждээ л хамгийн ихээр гомдож байна. Тийм хэрэг гарсныг ээж минь мэдсээр байж, "Би чамайг хүчиндээгүй, чи хүчиндүүлсэн хүнээ өөрөө олж уулз" гэж хэлж байсан. 

Гэтэл би өнөөдрийг хүртэл ээж дүү нараа бодож, 20 жил зовлонт амьдралаар амьдарч, тарчиллаа. Би хэн ч биш болсон. 20 жилийн гомдол, хорсол ямар хэцүү байдгийг тэр хүн мэдрэг гэж бодоод зориглон ярьж байна" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна