Засгийн газар $500.0 саяын бонд арилжаалж, ₮51.7 тэрбумын хүүгийн зардлыг хэмнэлээ

Zuv.mn
3 цаг 11 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлээс босгосон өндөр хүүтэй бондуудыг сүүлд гаргасан "Century" бага хүүтэй бондуудаар солих ажлыг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын ээлжит үе болох зургаан жилийн хугацаатай, 500 сая ам.долларын "Century 5" бондыг жилийн 5.95 хувийн хүүтэйгээр амжилттай босголоо. 

Өчигдөр манай улстай хамт Төв Азийн нэг, Ойрхи Дорнодын хоёр, Энэтхэг гэсэн дөрвөн улс бонд гаргах байсан ч геополитикийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор ттгалзаж, манай улс л гаргасан байна. Энэ нь хөрөнгө татахад сайнаар нөлөөлж, 3.2 дахин өндөр буюу 1.6 тэрбум ам.долларын захиалга иржээ.  

Монгол Улс одоогоос 14 жилийн өмнө эдийн засгийн боломж бололцоо тааруу, өсөлтийг дэмжих шаардлагатай хүнд үед тодорхой давтамжтайгаар бонд гаргаж, зам, дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэн эдийн засгийн эргэлтээ сайжруулж, өсөлтөө нэмэгдүүлэх арга хэмжээ авсан байдаг.

Улмаар дэд бүтцийн төслүүд өгөөжөө өгч, эдийн засгийн өсөлт бий болон, зээлжих зэрэглэл сайжирсан үед өмнөх өндөр хүүтэй авсан бондуудаа бага хүүтэй бондоор солих ажлыг эхлүүлсэн бөгөөд тав дахь удаагийнхаа бондыг ийнхүү амжилттай арилжаалж чадлаа. 

Энэ удаагийн "Century 5" 500 сая ам.долларын бонд нь өнгөрсөн жил гаргасан "Century 4" бондоос 0.32 хувийн хүүгээр бага байгаа нь манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулагчдын итгэл өнгөрсөн жилинхээс дээрдсэн гэсэн үг юм. 

 "Century 5" 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэй бондоор 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бонды.н 321.6 сая ам.долларыг буцаан худалдаж авах өрийн зохицуулалтыг хийжээ.

Ингэснээр 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондыг бага хүүтэй бондоор сольсноор 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж чадлаа.

Олон улсын зах зээл тогтворгүй энэ үед ийнхүү $500.0 саяын бондыг амжилттай арилжаалсан нь өрийн бодлого, макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд эерэг нөлөөтэй юм. 

Түүнчлэн, бондын хүүг өнгөрсөн жилийнхээс бууруулснаар олон улсаас хөрөнгө босгох зорилготой дотоодын ААН-үүддээ бага хүүтэй бонд босгох боломжийг бүрдүүлэв. Учир нь, хөрөнгө оруулагчид ААН-ийн бондыг авахдаа Засгийн газрын бондын хүүг нь суурь хүү болгодог юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна