Б.Жавхлан: Макро эдийн засгийн тэнцвэртэй байдлыг 2027, 2028 онд хадгалах боломжийг бүрдүүллээ

Х.Батсайхан
2 цаг 8 минутын өмнө

Монгол Улс олон улсын зах зээлээс "Century 5"  500 сая ам.долларын бонд амжилттай босгосон талаар Сангийн яам өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулсан байна.

Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр, энэ бонд нь төсөл хөтөлбөр санхүүжүүлэх биш, өмнө нь гаргасан өндөр хүүтэй бондыг сольж, Монгол Улсын эдийн засгийг 2026, 2027, 2028 онд макро түвшинд тогтортой байлгах боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн, цагийг нь олж, маш бага буюу 5.95 хувийн хүүтэй босгосноор хувийн хэвшлийн ААН-үүдэд бага хүүтэй хөрөнгө босгох боломжийг бүрдүүлсэн байна.    

Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлээс босгосон өндөр хүүтэй бондуудыг сүүлд гаргасан "Century" бага хүүтэй бондуудаар солих ажлыг зохион байгуулж байгаа. Уржигдар босгосон зургаан жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын "Century 5" бонд нь энэ ажлын ээлжит үе шат нь юм.

Энэ удаагийн "Century 5" 500 сая ам.долларын бонд нь өнгөрсөн жил гаргасан "Century 4" бондоос 0.32 хувийн хүүгээр бага байгаа нь манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулагчдын итгэл өнгөрсөн жилинхээс дээрдсэн гэсэн үг юм. 

 "Century 5" 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэй бондоор 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бонды.н 321.6 сая ам.долларыг буцаан худалдаж авах өрийн зохицуулалтыг хийжээ.

Ингэж 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондыг бага хүүтэй бондоор сольсноор 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж чадсан талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна