Ё.Лхагвадорж: Миний хамгийн их нандигнаж хайрладаг дүр маань Зэсэнчөмөг

Х.Есү
2 цаг 53 минутын өмнө

Олноо Зэсэнчөмөг хэмээх дүрээрээ танигдсан Мөрөөдлийн театрын залуу жүжигчин Ё.Лхагвадоржийг бид энэ удаагийн ярилцлагын нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа. 

Тэрбээр анх оюутан байхаасаа эхэлж Мөрөөдлийн театрт ажилд оржээ. Удахгүй тоглогдох "Самсара" жүжгийн гол дүрд тоглохоор болсон ба жүжигчин Г.Эрхэмбаяр түүнд дүрээ өвлүүлэн өгсөн юм. 

-Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе

-Энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ё.Лхагвадорж гэдэг. Мөрөөдлийн театр үүсгэн байгуулагдсанаас нь эхлээд арын алба болон дүрүүд дээр гарч ажиллаж байсан. 

-Таны хамгийн анхны бас нандин, хайрладаг дүр тань юу вэ?

-Миний хамгийн анх тайзан дээр гарч байсан дүр нь Батушка ахын оронд гарч байсан цагдаагийн дүр байсан. Тэр үед чинь хоёрдугаар курсын оюутан байсан. Анх тайзан дээр сандарч, салгалсан л хүн гарч байлаа. Энэ дүр маань үнэхээр мартагддаггүй юм. Ах нараасаа маш олон зүйлийг сурдаг юм билээ. 

Миний хамгийн хайртай дүр маань Улсын тэргүүний уран сайханч Г.Алтаншагайн гарын шавь болсон Зэсэнчөмөг. Тухайн үед гуравдугаар курсын оюутан байсан. Энэ дүрээр л олон түмэнд танигдаж байсан. Тийм болохоор Зэсэнчөмөгийн дүрдээ маш их хайртай. 

Дүрийн маань нэрийг хүмүүс их сонин сониноор хэлнэ. Зэсэнчимэг ч гэнэ, чи чинь юу билээ гуулин хэн билээ гээд л олон янзаар хэлнэ шүү дээ /инээв/. Хүмүүс хараад л өө чи нөгөө татаж унадаг, ухаан алдаж унадаг залуу мөн байна гээд л дүрээр маань хэлдэг. 

-Яагаад жүжигчин мэргэжлийн сонгосон бэ?

-Багаасаа дуучин юм уу, нисгэгч болно гэж боддог байсан. Манай ээж намайг мэргэжилд маань чиглүүлж өгсөн. Өөрөө ямар мэргэжлээр сурмаар байна ээж нь түүнийг нь дэмжинэ гэж хэлсэн. СУИС-ийн бэлтгэл эхлээгүй байхад Иргэний нисэх дээр очоод шалгалт өгч байсан. Тэр хооронд нь бас СУИС-д бүртгүүлж, шалгуулсан. 

Нөгөө дуучин гэдэг мэргэжлийг сонгож байсан хүн чинь жүжигчин болчихвол хоёр мэргэжил давхар эзэмшиж болох юм шиг санагдсан. Тэгээд л жүжигчин мэргэжлийг сонгосон доо. 

-Жүжигчин Г.Эрхэмбаяр танд Самсара жүжгийнхээ гол дүрийг өгсөн шүү дээ. Тухайн үед ямар мэдрэмж авсан бэ? 

-Тухайн үеийн сандрал одоо ч гараагүй байна. Энэ сандрал маань тайзан дээр дүрээ бүтээгээд үзэгчдийнхээ алга ташилт урмыг авбал тайлагдах байх гэсэн бодол байна. “Самсара” жүжгийн гол дүрийг надад өгөхөд маш их сандарсан. Пранк биш байгаа гэж хүртэл бодсон. Энэ бол миний тайзны анхны гол дүр. 

Маш сайн хичээх хэрэгтэй гэдгээ л ойлгосон. 

-Ярилцсан баярлалаа 

-Баярлалаа 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна