Мансууруулах үйлчилгээтэй тарианы жор хуурамчаар үйлдсэн, зарж борлуулсан этгээдүүдийг яллав

Zuv.mn
2 цаг 40 минутын өмнө

Шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс өнгөрсөн долоо хоногт 17 хүнд холбогдох 8 хэргийг шүүхээр хэлэлцжээ.

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс өнгөрсөн долоо хоногт 17 хүнд холбогдох 8 хэргийг шүүхээр хэлэлцжээ.

Тухайлбал, шүүхээс хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор болон өөр бусад зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, гурван хүнд найман сараас гурван жил хүртэлх хугацаанд оршин суугаа газраасаа гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ. Мөн түүнчлэн таван  хүнд нэг жилээс хоёр жилийн хорих ял,  бусдад зарж борлуулах зорилгоор олж авсан, бэлтгэсэн үндэслэлээр дөрвөн хүнд хоёр жилээс гурван жил, хоёр сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Мөн удаа дараа зарж борлуулсан, Монгол Улсын хилээр их хэмжээгээр оруулж ирсэн таван хүнд 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ. Тухайлбал,

-Иргэн Н.Г, А.А нар нь бүлэглэн, худалдаалах зорилгоор сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсад амьдарч буй нэр бүхий иргэнээр захиалуулж, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олон улсын буухиа шуудан илгээмжийн газраар дамжуулан Монгол Улсын хилээр их хэмжээтэйгээр нэвтрүүлсэн үндэслэлээр шүүхээс 5 жилийн хугацаатай хорих ялыг оногдуулсан. 

-Эмч, өвчтөн, хэрэглэгч нар нийлж, мансууруулах эмийн үйлчилгээтэй тариаг бусдад худалдаалах зорилгоор эмчийн жорыг хууль бусаар бичиж зохион байгуулалттайгаар орон нутгаас Улаанбаатар хот руу нийлүүлж, бусдад зарж борлуулсан гэх нийт 9 хүнд холбогдох хэргийг шүүхээр хэлэлцээд Ж.Х-д 1 жил, Ц.Т, Т.Б нарт 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, С.Б, А.У нарт 2 жил, 6 сар, Б.Б-д 3 жил, 2 сар, С.Б-т 5 жил, 2 сар, Д.Т-д 5 жил, 3 сарын хугацаатай хорих ял тус тус оногдуулж, улмаар гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 130 сая төгрөгийг А.У, Б.Б, Д.Т нараас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож, шүүхээс хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял оногдуулдаг хуулийн зохицуулалттай.

Хар тамхи, мансууруулах бодис нь олон нийтийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, удмын санд ноцтой хохирол учруулдаг тул энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Прокурорын байгууллагаас анхаарууллаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна