Инфляци "Татварын шинэчлэл"-ийг яаравчлуулж байна

Zuv.mn
2 цаг 58 минутын өмнө

ҮСХ-ны судалгаагаар 2025 оны арванхоёрдугаар сард инфляци 7.5 хувьтай гарсан билээ. Үндсэндээ нийгмийн эмзэг хэсэг болсон тэтгэврийнхний 2026 оны нэмэгдэл төсөв батлагдсаны дараа л байхгүй болсон гэсэн үг.

Тэгвэл 2026 оны нэгдүгээр сард 6.0, хоёрдугаар сард 6.5 хувьтай гарлаа. Тэтгэврийнхэн нэмэгдэл нь байхгүй болсон дээрээ өмнө байснаасаа дордсон бол багш, эмч нарын цалингийн нэмэгдэл байхгүй болох тийшээ хандчихлаа. Их хурал, Засгийн газар, Монголбанк дорвитой ажиллахгүй бол нэмсэн болж харагдаад инляциар буцаагаад татаж байгаа мэт дүр зураг үндсэндээ үүсчихлээ.

Инфляцийн өсөлтөд хамгийн их нөлөөлсөн нь хүнсний бараа, ундаа, ус байсан бөгөөд нийт өсөлтийн 51%-ийг бүрдүүлсэн гэхээр, эдгээр бараа үйлчилгээний өсөлт 6.5 хувис илүү байсан гэсэн үг. Гэтэл инфляцийн хамгийн том хохирогч болох тэтгэврийнхний худалдан авалтыг бараг бүхэлд нь энэ өндөр өсөлттэй хүнсний бараа эзэлдэг гэж бодохоор цохилт ямар хүчтэй амсаж байгаа нь харагдана.

Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн яригдсан Татварын багц хуулийн шинэчлэлийг цаг алдалгүй хэлэлцэж, Хаврын Чуулганы эхэнд батлах шаардлага үүсээд байна.

Ингэхдээ Засгийн газрын өргөн барьсан хэлбэрээр буюу зорилтот хэсгийн ачааг бусдад нь нэмж үүрүүлэх биш, нийтэд нь хасаж, төр өөрөө ч үүрэх ёстой ачаагаа үүрэх хувилбар руу орохгүй бол хэсэг хугацааны дараа илүү хүнд байдалд орж мэдэхээр байгаа. Тодруулбал, Засгийн газраас өргөн барьсан төслөөр бол НӨАТ төлөгчийн босгыг өндөрсгөх, бага орлоготой хэсгийн татварыг багасгаж, өндөр орлоготой хэсгээс авах, НӨАТ-ын буцаалтыг бага орлоготой хэсэгт их байхаар босго тогтоох зэрэг заалтууд туссан. Үүнийг өөрчилж, орлогын албан татвар, НӨАТ, НӨАТ-ын буцаалт зэргийг жигд бууруулж урт настай хууль хийх шаардлага байгаа бөгөөд үүнийг хэлэлцэхэд хугацаа хэрэгтэй. Зөвхөн Засгийн газрын өргөн барьсан хэлбэрээр батлагдахад л 2 их наяд төгрөгийг бага, дунд орлоготой хэсэгт үлдээх энэ хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх эсэх асуудлыг Намрын чуулганы сүүлийн хуралдаанаар хэлэлцсэн ч гишүүд дэмжээгүй.

Өөрөөр хэлбэл, дээр өгүүлсэнчлэн илүү нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Гэсэн ч ээлжит бус чуулган зарлаагүй юм.

Хаврын чуулганы хаалтын хуралдаан дээр хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх дээр санал хураалгах оролдлого гарах үед Ардчилсан намын төлөөлөл Х.Тэмүүжин “Засгийн газар УИХ-ыг юу гэж хардгийг л харуулж байна л даа. Жил яригдсан хууль юм бол яагаад өнөөдөр гэнэт оруулж ирж байгаа юм бэ. Өмнө нь өргөн барих нь яасан юм. Танилцуулгаа өчигдөр тарааж өгөөд, өнөөдөр санал хураана гэнэ. УИХ-ыг Засгийн газрын Хуулийн хэлтэс гэж харж байгаа байхгүй юу. Суу гэхээр нь суудаг, бос гэхээр нь босдог. Үнэхээр л ард түмнийхээ нуруун дээр байгаа ачааг хөнгөлье гэж байгаа бол Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан орлогын албан татварыг нийтэд нь 5 хувь болгох хуулийн төсөл өргөн баригдаад жил болж байна. Одоо тэгээд гэнэт оруулж ирчихээд “Сөрөг хүчин ард түмэнд хэрэгтэй хуулийн төслийг эсэргүүцлээ гэж пи ар хийх гэж байгаа юм уу. Ийм гэнэн тэнэг байж болохгүй. Үнэхээр хэрэгтэй хууль юм бол ээлжит бус чуулган зарла, тэрийгээ одоо ярь” хэмээн хурцаар шүүмжилсэн. Улмаар санал хураахад гишүүдийн олонх дэмжээгүй тул Төсвийн байнгын хороог хуралдуулж хэлэлцүүлэхээр болсон юм.

Асуудлын гол нь, Ардчилсан намын байр суурь татварыг нийтэд нь хөнгөлөх бол Засгийн газрын өргөн барьсан хуульд орлого багатай хэсгийн ачааллыг хөнгөлөх талаар туссан гэдгийг дээр өгүүлсэн. Тиймээс Ээлжит бус Чуулган яаралтай зарлаж, Хаврын чуулганы эхэнд батлаж байж Хаврын улс төрийг намжаахгүй бол асуудал хүндэрч мэдэхээр байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна