Тогтвортой хөгжилд таны оролцоо: Ус хэмнэх энгийн аргууд

Zuv.mn
3 цаг 21 минутын өмнө

АНУ-ын "Мянганы сорилтын сан"-гийн буцалтгүй тусламж, төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Ус цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон билээ. Ингэснээр манай улс НҮБ-аас дэвшүүлсэн "Тогтвортой хөгжлийн зорилт"-ын зургадугаарт эрэмбэлэгдсэн "Усны болон ариутгалын хүртээмж, тогтвортой менежментээр бүгдийг хангах" зорилтыг биелүүлэх зүгт том алхам хийсэн юм. Тэгвэл бид энэ удаад уг зорилтод иргэдийн оролцоог хангах нэг арга болох ус хэмнэх аргын талаар энгийн зөвлөгөөг уншигчдадаа хүргэж байна.  

Дэлхийн хөгжингүй орнуудад нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-150литр байдаг гэсэн тооцоо бий. Харин манай улсын хувьд хэрэглээ их, бага гэсэн хоёр туйлд хуваагдсан байдалтай байна. Орон сууцанд амьдардаг хүний хоногт хэрэглэх усны хэмжээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс даруй хоёр дахин их (230-280 литр) байгаа бол гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дудаж түвшнээс 5-10дахин бага (6-8литр) ус хэрэглэж байгаа юм.

Гал тогоондоо ус хэмнэх аргууд:

-Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа сайтар зүлгэхдээ усаа хаах.  Дараа нь цэвэр усаар зайлах. 

-Хүнс ногоогоо гоожиж буй усаар бус дүүргэсэн саванд цэвэрлээд дараа цэвэр усаар зайлах. 

 -Хүн бүр өөрийн гэсэн аягатай болох. Ингэснээр танай гэр бүл байнга аяга таваг угааж ус гарздахгүй

Ариун цэврийн өрөөндөө ус хэмнэх аргууд: 

-Усанд орохдоо биеээ савандаж байхдаа усаа хааж байхаа битгий мартаарай. Энэ нь гурав дахин бага ус зарцуулдаг ба 400 литр хүртэл ус хэмнэнэ. Хүүхдүүдээ ус хэрэглэснийхээ дараа крантаа сайн хааж байхыг захиж сурга. 

-Ус бага хэрэглэдэг шүршүүртэй болох. 

-Шүдээ угаах, сахлаа хусахдаа крантаа хааж бай. Хаахгүйгээр нэг удаа шүдээ угаах нь 20 литр ус үр ашиггүй зарцуулдаг.  

-Стаканд ус хийж шүдээ угааснаар бид минут тутамд зургаан литр усаа хэмнэж чадна. 

-Ариун цэврийн цаасаа жорлонд биш хогийн саванд хаяж бай. Энэ нь ус хэмнэхээс гадна жорлон бөглөрөхөөс урьдчилан сэргийлнэ.  

-Усныхаа халуун хүйтнийг тохируулахдаа бүлээн ус хэрэгтэй бол хүйтэн усаа ихэсгэхийн оронд халуун усаа багасгах нь зөв.

-Загасны аквариумаа цэвэрлэхдээ усыг нь битгий асга, усаараа та цэцэг ногоогоо усалж болно, энэ ус нь органик тэжээлээр таны цэцгийг тэтгэнэ. Өндөг чанасан усаараа та цэцгээ усалж бас болно, өндөгний хальсны минералууд цэцгэнд сайн нөлөөтэй.

Өглөө эрт, үдэш зүлгээ усал.  Үд дунд зүлэг услахад усалгааны дөнгөж 14 хувь нь үндсэнд хүрдэг байна. Хэрэв өглөө эрт, үдэш уславал долоо хоногт 87 галлон ус хэмнэх боломжтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна