БЗД-ийн АН-ын бүлгийнхэн Э.Бат-Амгаланг АТГ-д шалгуулах хүсэлтээ өглөө

Т.Отгонсувд
3 цаг 14 минутын өмнө

Баянзүрх дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хандлаа. 

Тодруулбал, Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэл хийх үеэрээ Э.Бат-Амгалан сайдыг дүүргийн төсвөөс 20-30 сая төгрөгийн дэмжлэгийг тодорхой албан тушаалтнуудад олгож, улмаар уг хөрөнгийг хамаарал бүхий компани руу шилжүүлсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. 

БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Н.Дөлгөөн "Төсвийн хөрөнгө буюу татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулсан, Авлигын эсрэг хууль зөрчиж хэн нэгэнд давуу байдал олгосон эсэхийг тогтоолгохоор ийнхүү бичгээр гомдол гаргаж байна.  20-30 сая төгрөгийн дэмжлэгүүдийг нэгтгэвэл 1 тэрбум орчим төгрөгийн асуудал яригдаж байгаа бөгөөд үүнийг хууль ёсны дагуу шийдвэрлэсэн эсэхийг шалгах зайлшгүй шаардлагатай.

Мөн Баянзүрх дүүргийн Ахмадын хороо руу 850 сая төгрөг шилжүүлж, бэлэг сэлт тараасан гэх асуудал нь төсвийн сахилга бат алдагдсаны ноцтой илрэл гэж үзэж байна. 

Баянзүрх дүүрэг нь 500 мянга орчим хүн амтай, нийслэлийн хамгийн том дүүргүүдийн нэг тул төсвийн зарцуулалт ил тод, шударга байх ёстой. АТГ-т гаргасан гомдлын дагуу шалгалтын ажиллагаа хэрхэн явагдах, ямар үр дүн гарах талаар эргэж мэдээлэх бөгөөд энэхүү асуудлыг эцсийг нь хүртэл явна" гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна