Хохирогч Ц.Ганцэцэг: Монголын хууль ядарсан иргэдээ биш луйварчдаа хамгаалж байна

Х.Есү
2 цаг 35 минутын өмнө

Иргэн Ц.Ганцэцэгийн нэр дээр дансны хуулга ашиглан 120 сая төгрөгийн зээл авчээ. Түүнийг луйвардсан хүн нь одоог хүртэл холбоо барихгүй, цагдаагийн байгууллагаар явсан ч хэрэг нь шийдэгдэхгүй байгаа учраас ийнхүү манай сайтын редакцид хандан ярилцлага өглөө.

Хохирогч Ц.Ганцэцэг: “2025 оны нэгдүгээр сард надад яаралтай мөнгөний хэрэг гарсан. Эмчилгээний зардал болох 10 сая төгрөг хэрэг болсон. Тухайн үед би хувийн хэвшилд ажиллаж байсан. Ажлын газрын маань захирал надад дансны хуулгаар чинь 10 сая төгрөг гаргаад өгье гэж хэлсэн.

Нэгдүгээр сарын сүүлээр намайг гэртээ дуудаад чиний нэр дээр 33 сая төгрөгийн зээл гарсан гэж хэлсэн. Гэхдээ би энэ мөнгийг чинь 2 хоног хэрэглэчхээд өгье гэж аваад 7 хоногийн дараа авсан зээлээ хааж өгсөн.

Үүний дараа хоёрдугаар сард дуудаад чиний нэр дээр 78 сая төгрөгийн зээл гарлаа гэсэн. Надад ийм их мөнгө хэрэггүй ээ 10 сая төгрөг байхад болно гэсэн чинь тэгвэл ах нь дахиад хэрэглэчхээд өгье гэсэн.

Түүнээс хойш өгнө гэж хэлээд л алга болсон. 2025 оны дөрөвдүгээр сард над руу М банкнаас залгасан. “Та хууль бус нийгмийн даатгалд орсон, манайхаас зээл аваад манай банкийг хохироосон байна гэсэн”. Тэр үед л би хохирсноо мэдсэн.

Цагдаагийн байгууллагад хандахад эхлээд л бариад өгнө, олоод өгнө гэж байсан. Гэтэл одоо миний цол жижигдэж байна гэж хэлээд л хэргийг маань хаачихсан.

Дараа нь би намайг луйвардсан н.Баасанцэрэн гэж хүнтэй уулзсан. Тухайн үед цагдаагаас эрэн сурвалжилж байсан ч  зар нь яагаад ч юм устчихсан байсан. Тэгээд л тэр хүнийг бариагүй. Ямар шалтгаантай устчихсан, яагаад тэр хүнийг барьж чадахгүй байгааг ерөөсөө ойлгохгүй байна.

Монголын хууль цагдаагийнхан нь хүртэл бид хэдийгээ тоохоо больчихсон. Хууль ядарсан ард иргэддээ чанга үйлчилдэг байж ийм луйварчдаа яаж ч чадахгүй байгаад гомдож байна.

Би өнөөдөр сэтгэл санаагаар маш их хохирч байна. Би чинь ар гэр үр хүүхэдтэй, тэднийгээ тэжээх ёстой хүн шүү дээ. 120 сая төгрөг гэдэг чинь асар их мөнгө шүү дээ. Би өөрөө хохирчхоод тэр мөнгийг нь төлөөд л сууж байна. Намайг луйвардсан хүмүүс нь том том машин унаад инээд алдаад явж байхад хууль яаж ч үйлчилж чадахгүй байгаад гомдож байна. Миний хамаг дансыг барьчихсан. Тиймээс тэр зээлийг нь би төлөөд л явж байгаа.

Хүмүүс минь анхаарал болгоомжтой байгаарай. Хаана ч анхаарал болгоомж илүүдэхгүй шүү гэдгийг хэлье” гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна