Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн нэгдүгээр сард Оюу толгой компани болон “Рио Тинто” группийн удирдлагуудад захидал илгээсэн. Улмаар “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийсэн байдаг. Үүний үр дүнд группийн зүгээс Оюу толгой төслийн өгөөжийн дийлэнхийг Монголын ард түмэн хүртэх ёстой.
Энэ тал дээр нээлттэй хамтран ажиллахаа ч илэрхийлж байв. Гэвч “Риотинто”-гийн талынхан яг хэлэлцээ хийх дээрээ ирээд гэдийж эхэлсэн сурагтай. Үүнд, Монголын өнөөгийн улс төрийн нөхцөл байдал ч нөлөөлж байна уу гэж хардаж болохоор байна. Ер нь анзаарвал, Засгийн газар “Риотинто”-той шинэ хэлэлцээг эхлүүлснээс хойш манай улс төр нэлээд бужигнаж эхэлсэн. Сүүлдээ сөрөг хүчин “ажил хаялт” зарлаж байгаагаа илэрхийлж, төрийн ажил ч гацаанд орох эрсдэлтэй болчихлоо. Хаврын чуулганы эхний өдрөөс АН-ын гишүүд УИХ-ын чуулгандаа суухгүй гэдгээ мэдэгдсэн.
Тэдний шаардлага тун сонин. Гэнэт л намын дарга нь УИХ-ын дарга байж болохгүй, УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгөхөөс нааш чуулгандаа орохгүй гээд эхэлсэн. Олон бүлэг, фракцтай АН-ын энэ удаагийн улс төрийн акцид парламентын гишүүд нь ч тун идэвхтэй, нягт, нямбай нэгдсэнийг харвал тэдний энэ удаагийн улс төр нэлээд сонирхолтой байж мэднэ. АН-ын гишүүдийг энэхүү бойкот дээр юу ингэтэл нь нэгтгэв гэдэг асуудал ч гарч ирнэ. АН-ын энэ удаагийн бойкот, улс төрийн бужигнаан хэнд ашигтай вэ гээд бодвол бидэнд хардах эрх бий. “Риотинто” групп энэ цаг үеийг тун овжиноор ашиглаж, хэлэлцээг өөрсдийн талд авч гарахаар гэдийгээд суучихсан юм биш биз.
Одоогоор парламентад хэлэлцэх шаардлагатай олон хуулийн төсөл, нийгмийн асуудлууд шийдлээ хүлээж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар олон нийтийн шаардлагаар гэх үү, улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор танхимын хоёр сайдаа чөлөөлчихсөн. Тэдний оронд томилох сайд нараа нэгдсэн хуралдаанд танилцуулах дутуу байна. Гэвч УИХ-ын чуулган нэгдсэн хуралдааны ирц хүрэхгүй гэх шалтгаанаар Засгийн газрын ажил ч хойшилсоор байна.
“Риотинто” группийн зүгээс саяхан хэлэлцээтэй холбоотой зарим саналаа Засгийн газарт тавьсан. Гэвч Монголын талын тавьж буй шаардлагыг бүрэн хангах хэмжээнд хүрээгүйг Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын үеэрээ онцлон, саналыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрээр “Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн хоёр дахь заалт, УИХ-аас 2025 оны арванхоёрдугаар сард Оюутолгойн асуудлаар баталсан 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд тавьсан шаардлагаасаа буцахгүй” гэдгээ хатуу сануулсан байдаг. Мөн “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдгийг эгц өөдөөс нь харж суугаад шулуухан хэлсэн. “Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” гэдгийг ч анхааруулж байгаа харагдсан.
Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч тал буюу “Риотинто” группт зээлийн хүүгийн хэмжээг эрс бууруулах. Хэрэв энэ чиглэлд бодит шийдвэрт хүрэхгүй бол одоогийн нөхцөлөөр хамтын ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн менежментийн төлбөрийг 50 хувь бууруулах шаардлагыг тавьсан. Мөн л энэ асуудлаар ойлголцолд хүрэхгүй бол хоёр талын хэлэлцээг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэсэн.
Ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулж, тодорхой болгох шаардлагатай гэсэн. Дэлхийн зах зээл дээр зэс, алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрээд байна. Гэтэл Оюу толгой төслөөс Монгол Улс ногдол ашиг авах хугацаа хойшлогдсон байдалтай байгаа.Тиймээс талууд урьдчилсан хэлцлүүд хийж, нэмэгдэж байгаа орлогоос тодорхой хэсгийг Монголын ард түмэнд ногдол ашиг хэлбэрээр хүртээх шаардлагуудыг тавьж байгаа. Ерөнхий сайд Г.Занданшатар цаашдаа Оюу толгой төслийн үр өгөөжийн 60 хувийг Монголын ард түмэнд хүртээх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байдаг. Харин “Риотинто”-д энэ бүх шаардлагууд таалагдсангүй юу. “Риотинто” групп гэнэт яагаад гэдийж эхлэв. Сөрөг хүчин ч гэнэт бойкотлож, төрийн ордонд улс төрийн бужигнаан “хүч”-ээ авчихав.
Эх сурвалж: Зууны мэдээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна