С.Шаарийбуу: 2006 онд Малайзын Ерөнхий сайд байсан хүн хэргийг үйлдэх даалгавар өгсөн

Х.Есү
3 цаг 17 минутын өмнө

С.Шаарийбуугийн охин Ш.Алтантуяаг 2007 онд Малайзад онц хэрцгийгээр хөнөөсөн. Тус хэрэг дээр Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

С.Шаарийбууд туслах ажлын хэсгийн ажлын талаар бид түүнээс тодрууллаа. 

"Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээр ямар асуудлыг хэлэлцэж шийдүүлэх вэ гэдгийг би хэлж байж тэд хийнэ шүү дээ. 10 гаран хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаад явж байгаа. 

Миний охиныг хөнөөсөн хоёр хүний нэг нь Австрали улсад эрх чөлөөтэй явж байна. Нэг нь нутагтаа шоронд байгаа. Би гурван жилийн өмнө Малайзад өргөдөл гаргасан. Тухайн үед шоронд байгаа хэрэгтэн нь цаазын ялтай байсан юм. Хэдийгээр тэр хэрэгтэн боловч нөгөө талдаа гэрч гэж үзээд цаазын ялыг нь өөрчилж өгөөч ээ гэдэг хүсэлт өгсөн юм. Цаазын ялыг нь биеэр эдлүүлэх ялаар солиулсан. 

Австралид байгаа хүнийг авчирч мэдүүлэг авах хэрэгтэй шүү дээ. Тэр чинь тэнд сул чөлөөтэй жаргалтай явж байна. 

Энэ шийдэгдэж болдоггүй төвөгтэй асуудлыг улс хоорондын хэмжээнд ярилцаж шийдье гэж ажлын хэсэг шийдэж байгаа юм. Малайзын төрийнтом хүмүүс оролцож энэ хэргийг үйлдсэн. Хоёр ууртай амьтан л нэгнээ цааш харуулсан хэрэг биш шүү дээ. 

2006 онд Малайзын Ерөнхий сайд байсан хүн энэ хэргийг үйлдэх даалгавар өгсөн байдаг. Түүний улс төрийн зөвлөх нь хэргийг хэрэгжүүлэх захиалагч нь болсон юм. Зэвсэг авч үүнийг шийдвэрлэх асуудлыг Батлан хамгалах яамных нь өндөр албан тушаалтай офицер үүрэг өгсөн. Хэргийг үйлдсэн хүн нь Малайзын ерөнхий сайдын бие хамгаалах албаны офицер,  шадар сайдын бие хамгаалах албаны офицерууд байсан. Тэгэхээр энэ хэрэг төрийн захиалгатай ажил байгаа биз дээ. Энэ хэрэгт төр буруутай гэдгийг тогтоолгох ёстой. 

Одоо Ерөнхий сайд асан хүн нь шоронд байгаа. Гэхдээ өөр хэргээр хоригдсон шүү. Малайзын төр олон жил даварлаа, Монголын төр үгээ хэлэх цаг нь болсон" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна