"Цахимаар нэн тэргүүнд" үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө

Х.Есү
3 цаг 18 минутын өмнө

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлж, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор хэрэгжүүлж эхэллээ. 

Тус хөдөлгөөний нээлтийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2026 оны 3 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод “Цахим Дорноговь” өдөрлөгийг зохион байгуулна.

“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний дэмжигч байгуулагаар Монголын харилцаа холбоо, технологийн салбарын тэргүүлэгч Мобиком корпораци, Юнител групп, Жи-Мобайл ХХК, Скайтел ХХК болон Тесо Инвестмэнт ХХК ажиллаж байна.

 “Цахим Дорноговь” өдөрлөгийн хүрээнд мэдээллийн технологи, програм хангамж, дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэгчид, хиймэл оюунд суурилсан шийдэл нэвтрүүлэгчид болон бизнесийн цахимжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцоно. Тэд өөрсдийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, шийдлүүдийг олон нийтэд нээлттэй танилцуулахаас гадна бүс, орон нутгийн бизнес эрхлэгчдэд технологийн шинэ боломжийг ойроос танин мэдэх, туршиж үзэх, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Мөн энэхүү өдөрлөг нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болох юм.

Мөн төрийн байгууллагуудын зөвлөгөө мэдээлэл, иргэдийн санал хүсэлт авах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, орон нутагт тулгамдаж буй асуудлыг цахим шийдлээр хэрхэн оновчтой шийдвэрлэх талаар санал солилцоно. Үүний зэрэгцээ залуу бизнес эрхлэгчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн идэвхжүүлэлт, интерактив хөтөлбөрүүд хэрэгжих нь ээ.

“Цахим Дорноговь” өдөрлөг нь төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай болгох, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахим хэрэглээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Цаашид “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөнийг бусад аймаг, бүс нутагт үе шаттайгаар хэрэгжүүлж, иргэн төвтэй цахим төрийн хөгжлийг бэхжүүлэхэд чиглэн ажиллана. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна