Ц.Дуламсүрэн: Эгэл жирийн малчид сумынхаа наадамд уралдах эрхгүй боллоо

Х.Есү
2026/03/25

Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Үндэсний их баяр наадмын хууль зөрчсөн дүрмийн өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. 

Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны тэргүү Ц.Дуламсүрэн: "УИХ-аас баяр наадмын тухай хуулийг 2022 онд шинэчлэн найруулж баталсан. 2025 оны 9 дүгээр сард монгол үүлдвэрийн адууны стандартыг эцэслэн баталсан. Улмаар 2022-2025 оны түр дүрэмд өөрчлөлт оруулж, сэрвээний өндөр хэмждэгийг хасаж "Монгол морины стандартад нийцсэнийг уралдуулж, нийцэхгүйг нь хасна" гэж  заасан. 

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.11-10.16 хүртэлх заалтад морины бүртгэлийн дэд хороо бүртгэлжүүлнэ гэсэн зохицуулалттай. Энэ жилээс түр дүрэм хэрэгжих боломжгүй болсон гэсэн үг.

Монгол төрийн наадамд монгол морьд уралдах ёстой. Харамсалтай нь өнөөдөр бид монгол төрийнхөө наадамд монгол морио уралдуулж чадахгүй, айрагдах нь бүү хэл мордох эрхгүй болсон байна.

Эгэл жирийн малчид уяачид сумынхаа наадамд уралдах эрхгүй болсон. 2022 онд хууль батлагдсанаас хойш үүнийг хэрэгжүүлэх сонирхолгүй хэсэг улс саад хийсэн. Тухайлбал улсын төсвөөс 600 сая төгрөгөөр улс орон даяар адууны цусыг авч, генийн бүтцийг тогтоохоор болсон юм. Гэтэл үүнийг З.Мэндсайхан зогсоогоод мөнгө нь алга болсон.

Үүнийг бид улсын мөнгө угаасан гэмт хэрэг гэж үздэг. Өчигдөр худал мэдээлэл гарсантай холбогдуулж уяачид над руу яриад байна. "Монгол морь уралдахаа больж байгаа юм уу, хэрэв тийм бол жагсъя, талбай дээр хоноё" гэж байна. Энэ Засгийн газар хэнээс, хаанаас зөвлөгөө авч ажиллаад байгаа юм бэ?

Монгол адуугаараа монгол наадамдаа уралдахыг л хүсэж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна