Ч.Ундрам Я.Содбаатар биш, тодорхой УИХ-ын гишүүд өөрсдөө хариуцлага хүлээх ёстой байх

Х.Батсайхан
2 цаг 44 минутын өмнө

УИХ-ын гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн Ч.Ундрамаас ТТО-д болж буй хурлын явц, гишүүдийн илэрхийлж буй байр сууриудын талаар тодрууллаа. 

Тэрбээр “Олон улсын байдал тогтворгүй энэ эгзэгтэй цаг үед эв нэгдлээ сахиж ажиллах чиглэл хүргүүлэх байх гэж бодож байна. ЕНБД-д хариуцлага тооцох асуудлыг нэр бүхий Бага хурлын гишүүн илэрхийлсэн. Гэхдээ миний бодлоор Я.Содбаатар дарга ЕНБД болсон цагаасаа л эв нэгдлийг хангах гэж хичээж ажилласан. Я.Содбаатарт биш, тодорхой УИХ-ын гишүүд өөрсдөө хариуцлага хүлээх ёстой байх. 

Шинэ Засгийн газарт хэн, хэн орж ажиллах талаар бидэнд мэдээлэл алга. Эхлээд Ерөнхий сайдад хэнийг дэвшүүлэх вэ гэдэг асуудлаа шийдсэний дараа энэ асуудлыг ярих ёстой байх.

УИХ-ын даргыг Бага хурлаас сонгож явуулах ёстой гэдэг байр суурь гарсан. АН энэ асуудлаар бойкот хийсэн. Хуулийн дагуу биш ч гэсэн улс төрийн шаардлага байсан. Гэхдээ УИХ-ын даргын асуудлыг намын цагаан байрнаас биш, УИХ дахь бүлэг шийдэх нь илүү зарчимд нийцэх байх.

Хамтарсан Засгийн тухайд, Ардчилсан намтай хамтрах асуудал яригдах байх. Гэхдээ Ерөнхий сайдын байр суурь энд чухал. Мөн нөгөө намууд нь зөвшөөрөх эсэх гээд асуудал бий. 

Шинэ танхимын тухайд, дан шинэ хүмүүсээр бүдүүлэх нь учир дутагдалтай. Энэ эгзэгтэй үед ажилтайгаа танилцсаар байтал асуудал нь бүрхээд авах болов уу. Тиймээс зарим сайд нарыг үргэлжлүүлэн ажиллуулах нь дээр, илүү тэнцвэртэй болов уу” гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна