Бүгд хүлээн зөвшөөрөх маргашгүй давуу талтай хүн л УИХ-ыг удирдах ёстой

Х.Батсайхан
3 цаг 8 минутын өмнө

МАН улс төрийн шийдвэр гаргаж Н.Учрал Ерөнхий сайд болох нь тодорхой болсон цагаас хойш УИХ-ын даргын суудалд хэн суух вэ гэсэн таамаг таамаг хөвөрч байна. 

“Эрх баригчид дотоод эв нэгдлээ томилгоогоор хангахын тулд бүлэг доторх цөөнхдөө энэ суудлыг өгөх ёстой” гэсэн санааг илэрхийлэх хүн Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржоос эхлээд байгаа бол бүлэг доторх хүчний харьцагаараа шийдэх ёстой гэх нь ч байна.

 Аль, алинд нь үнэний хувь бий. Гэвч бодит байдал дээр МАН-ын бүлэг хэн ч маргахааргүй шалтгаан, давуу талтай хүнийг олонх дотроосоо сонгох нь хамгийн зөв гаргалгаа. Учир нь, энэ удаагийн УИХ-ын даргыг сонгох асуудал урьд өмнөхөөс маш өөр үзэл баримтлалаар явах магадлал өндөр болчихлоо.

Өчигдөр МАН-ын Бага хурал дээр УИХ-ын даргын асуудлыг Н.Учралын асуудалтай хамт шийдэх санал гарахад “Парламентын даргыг намын цагаан байрнаас шийдэж болохгүй” гээд татгалзсан. Уг нь УИХ дахь МАН-ын бүлэг дотроо хэлэлцээд УИХ-ын даргаа сонгочихьё” гэсэн санаа. 

Гэвч УИХ дахь АН-ын бүлэг, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнөөдрийн ээлжит бус хуралдаан дээр “МАН УИХ-ын даргыг намын байрнаас томилдог байж болохгүй гэж үзсэнд баяртай байна” гээд Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэхь заалтыг сануулсан. Түүнд “Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. 

Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно” гэж заасан бөгөөд энэ нь одоо томилогдох УИХ-ын дарга нэг бол МАН-ын бүлгийнхээ дэмжлэгийг 100 хувь авч чадах, эс бөгөөс АН-аас ч дэмжлэгтэй байх шаардлагыг бий болгож буй.

С.Амарсайхан, Ж.Бат-Эрдэнэ хоёр бүлэг дотроо цөөнхийг төлөөлж буй. С.Амарсайхан нь Х.Баттулгын худ гэсэн давуу талтай /АН-аас Х.Баттулгынхны талын дэмжлэгийг авч магадгүй гэдэг утгаараа/ байж магад. Гэсэн ч үүнийг МАН-ын олонх хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд УИХ дахь АН-ынхан дэмжчихвэл МАНАН бодитоор байдаг гэдэг ойлголт төрүүлэх талтай. 

Ж.Бат-Эрдэнийн хувьд Л.Оюун-Эрдэнэ ноцтой баримтууд гаргаж, басхүү АН УИХ-ын дарга нам бус байх шаардлага тавьж нөхцөл бадлыг эргүүлээгүй бол нөгөө талтайгаа тохироо хийж УИХ-ын дэд даргын суудалд суусан нэгэн. Нэг тал болж явсан Х.Булгантуяа, П.Сайнзориг нар Эрүүгийн хэргээр ялтан болох тийшээ явж байхад өмөөрч дуугараагүй, харин ч Х.Булгантуяагийн оронд УИХ-ын дэд дарга болсон.

МАН-ын олонхиос нэр нь сонсогдож буй Ж.Энхбаяр Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй, байж болох хувилбар ч АН-ынханд  ч хүлээн зөвшөөрөгдөх том давуу талгүй. 

Л.Энх-Амгалангийн тухайд, МАН доторх талцал хуваагдлын эхлэлийг тавьсан гэж яригдаж бичигдэж байгаа нэгэн. Тодруулбал, МАН-ын Их хурал хуралдахаар дуншиж байх үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Амарбаясгаланг дуудаж уулзаад “УИХ-ын даргын суудлаа Л.Энх-Амгаланд өг” гэж шахсанаас МАН-ын хагарал үүдэлтэй гэгддэг.

Тиймээс МАН-аас ч, АН-аас ч бүрэн дэмжлэг авахгүй байх магадлалтай.

С.Бямбацогтын тухайд, түүнд хэн ч үл маргах том давуу тал бий. Тэр одоогийн Парламент дотроо хамгийн олон сонгогдсон. УИХ-д таван удаа сонгогдсон хүн түүнээс өөр үгүй. Үүнтэй хэн ч маргаж чадахгүй. 

Мөн МАН доторх цөөнхтэй ч, олонхтой ч, АН-тай ч нэг Засгийн газарт баг болж ажиллаж байсан туршлагатай. Хувийн хэвшилд ажиллаж байсан, яг одоо хэрэгтэй байгаа эдийн засгийг либералчлах талд бат зогсох хүн.

Яг одоогийн улс төрийн бодит нөхцөл байдлыг аваад үзвэл МАН-ын бүлгээс С.Бямбацогтыг нэр дэвшүүлсэн тохиолдолд хамгийн өндөр хувийн саналаар хүлээн зөвшөөрөгдөж УИХ-ын дарга болох магадлалтай байна. Х.Тэмүүжин гишүүний санаачилсан УИХ-ын дарга нам бус байх хуулийн төсөл УИХ-д өргөн баригдчихсан, АН-ын улс төрийн шаардлага хэвээрээ байгаа энэ цаг үед хэн ч маргашгүй давуу талаараа хүлээн зөвшөөрөгдсөн байдал чухал. Г.Занданшатарын Засгийн газарт салбарын яам биш, ЗГХЭГ буюу гал тогооог хариуцаж ажиллаж байсан нь Н.Учралтай хамтарч ажиллахад залгамж халааг үргэлжүүлэх давуу тал болно. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.183
    14 минутын өмнө

    Bimbatsogtiin suhnii us bichsn um bhda eniig

    Хариулах
  • 103.168.34.60
    3 минутын өмнө

    Byambatsogt bolohgui ch yumgui l dee Gehdee jaahan fotigenichnii hun tavij ni zugeer bolov uu daa

    Хариулах