НҮҮРС: Үнэ өссөн ч олборлох, тээвэрлэх өртөг нэмэгдэх эрсдэл нь илүү байна

Zuv.mn
4 цаг 7 минутын өмнө

Азийн зах зээл, ялангуяа Энэтхэг, БНХАУ-д нүүрсний үнэ өсөж байна

Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр Азийн зах зээлд эрчим хүчний нүүрсний үнэ ханш өсөж байна. Ялангуяа дэлхийн хамгийн том худалдан авагч болох Энэтхэг, БНХАУ-ын зах зээлд хар алтны үнэ ханш “хаданд гарчээ”. 

Бүс нутгийн нүүрс экспортлогч улсуудын хувьд уг нь энэ бол сайн мэдээ. Гэтэл улс орнууд үнэ өндөр байгаагаас үл хамааран фьючерс /урт хугацааны гэрээ/ худалдаа хийхгүй байгаа нь шатахуун, дизелийн түлшний үнийн тодорхойгүй байдалтай холбоотой аж.

Ойрхи Дорнодын хямрал Сибирийн уурхайнуудыг ч хямраажээ

“NEFT Research”-д бичсэнээр мнай хойд хөрш ОХУ-ын Кузбассын уурхай БНХАУ-д тонн коксжих нүүрсийг 160 ам.доллараар нийлүүлж байгаа аж. Хоёр долоо хоногийн өмнө энэ үнэ 140 ам.доллар байсан гэнэ. Гэхдээ үнэ өсөж байгаагаас үл хамааран шинэ гэрээ нэмж байгуулахгүй байгаа бөгөөд энэ нь экспорт багасахад хүргэж байгаа аж.

Овор ихтэй, үнэ тийм ч өндөр биш байдгаасаа болоод нүүрс нь таваарын гэхээсээ илүү тээвэр ложистикийн бизнес гэж тооцогддогийг уншигч мэдэх биз. Энэ утгаараа нүүрсний өртөгт түлш, шатахууны зардал өндөр хуль эзэлдэг бөгөөд эдгээрийн үнэ ханш өссөн тохиодлдолд бизнес ашиггүй болж хувирдаг.

 Тэгэхээр, нүүрсний зах зээлийн үнэ хэдий өндөр байгаа ч “Үнэ өндөр байгаа дээр нь” гээд урт хугацааны гэрээ хийвэл алсдаа тээврийнхээ зардалд “шатаж” мэднэ гэсэн болгоомжлолоос үүдэлтэйгээр экспортоо багасгаж байгаа юм байна.

Монголд хэрхэн нөлөөлөх вэ  

ОХУ-д тулгараад байгаа эрсдэлт нөхцөл байдал манай улсад ч бий. Манай улс нүүрсний экспортоо нэмэгдүүлсэн, үнэ ханш өсөж байгаагаас үүдэлтэй улсад орох орлого нэмэгдсэн гэсэн статистикийг албаны эх сурвалжууд хэлж буй. Гэвч шатахуун түлшээр ОХУ-аас бүрэн хараат байдал нь том эрсдэл болж буй.

 Дээр нь манай улс ОХУ-тай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулахдаа дизелийн түлшний үнийг тогтворжуулж чадаагүй гэдгийг салбарын сайд нь хэлдэг. Гэтэл дизелийн түлш нь уул уурхайгаас гадна хаврын тариалалт, намрын ургац хураалтын өртгийн дийлэнхийг эзэлдэг, эргээд хүнсний үнэ ханшид том нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн байдаг.

 Гэтэл манай жижиг оврын автомашин хэрэглэдэг 92 октантай шатахуунд л хөнгөлөлт авахаар тохирсон нь цаанаас нь зөвшөөрөөгүй юу, манай дарга нар иргэдийнхээ уур хилэнгээс айсан уу, тэр хоёрын л нэг болж таарна.

Товчхондоо, Ойрхи Дорнодын хямралаас болж эрчим хүчний эх сурвалжууд, түүний дотор нүүрсний үнэ өсөж байгаа ч олборлолт, тээвэрлэлтийн зардал түүнээсээ өсөх эрсдэл байна. Тиймээс нүүрс худалдах нь одоохондоо ашигтай ч урт хугацаанд нийлүүлэх, ялангяа хил хүргэж өгөх нөхцлөөр гэрээлэх нь алсдаа маш ашиггүй болж магадгүй юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна