Иргэдийн халаасанд шингэсэн Оюу толгойн 7.6 их наяд

Zuv.mn
3 цаг 29 минутын өмнө

Бид Оюу толгойгоос улсын төсөвт хэдэн төгрөг орсон бэ гэдэгт анхаарал хандуулж ирсэн. Харин төрийн авдарт оролгүйгээр компаниас компанийн хооронд, хүнээс хүний гарт хүрч шингэдэг үнэ цэнийн талаар тэр бүр ярихгүй өдий хүрчээ. Зах зээлийн амьд харилцаагаар дамждаг энэхүү мөнгөн урсгалыг эдийн засагт “давалгаалсан нөлөө” гэж нэрлэдэг. Үржүүлэгчийн нөлөө гэх нь ч бий. Өөрөөр хэлбэл, томоохон бизнесүүд эдийн засгийг, амьдрал ахуйг хөдөлгөдөг жинхэнэ хөдөлгүүр гэдгийг илэрхийлдэг.

Судалгааны Mongolian Marketing Consulting Group (MMCG) компани нээлттэй мэдээлэл болон “Оюу толгой” компанийн Үндэсний статистикийн ерөнхий хороонд гаргаж өгдөг зарим тайланг ашиглан  Оюу толгойн эдийн засагт үзүүлсэн үр нөлөөг 7.6 их наяд төгрөгийн үнэ цэнтэй буюу давалгаалсан нөлөөтэй гэж тооцоолон дүгнэжээ.  

Энэхүү мөнгө эдийн засагт хэрхэн яаж бий болсныг MMCG компанийн гүйцэтгэх захирал Ч.Даваасүрэн тайлбарлав.  Оюу толгойн Монгол Улсын ДНБ-д үзүүлэх нөлөө нь зөвхөн өөрийн шууд бий болгосон нэмүү үнэ цэнээр тодорхойлогдохгүй. Уурхайн үйл ажиллагаа ханган нийлүүлэгчдийн төлбөр, ажилчдын орлого, түүнээс зарцуулагдаж буй өрх гэрийн хэрэглээнд, үр хүүхдүүдийг боловсролоор бусад салбарт дамжин тархаж, нийт эдийн засагт илүү өргөн хүрээний нөлөө үзүүлдэг талаар дурдан үндсэн гурван сувгийг онцолсон. 

Шууд нөлөө: 2024 онд Оюу толгой үйлдвэрийн үйл ажиллагаанаас ДНБ-д шууд орж буй үнэ цэн нь 4.7 их наяд төгрөгт хүрчээ. Тус уурхай дээр 17 гаруй мянган монгол залуус дэлхийн түвшний техник технологийг удирдан ажиллаж, 215 мянган тонн зэс, 206 мянган унц алт үйлдвэрлэжээ. Тэдний авсан цалин хөлс, бүтээгдэхүүнээ борлуулаад улсад төлсөн 20 гаруй төрлийн татвар хураамж, ашиг зэрэг нь дотоодын эдийн засагт оруулж буй шууд хувь нэмэр юм.

Дам нөлөө: Уурхай бол өөрөө эдийн засгийн хамгийн том хэрэглэгч, худалдан авагч. Тэнд ажиллаж буй 17 гаруй мянган хүний хоол хүнс, ажлын хувцас хэрэглэл, унаа тээвэр, уурхайд хэрэглэгдэх бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг бусад ханган нийлүүлэгчдээс авч, туслан гүйцэтгэгчдээр гүйцэтгүүлдэг. “Оюу толгой” компани 2024 онд үндэсний 642 аж ахуй нэгжээс 3.1 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авчээ. Тэдгээр ханган нийлүүлэгчдийн ажилчдадаа төлсөн цалин хөлс, улсад төлсөн татвар хураамж, өөрт үлдсэн ашиг зэрэг нь 1.4 их наяд төгрөгийн нэмүү үнэ цэнийг эдийн засагт бий болгосон байна. Дотоодын компаниуд өсөж хөгжиж, ажлын байр олноо бий болгож, сайжрах тусмаа том уурхайн үр өгөөжийг ахиу хүртэж, эдийн засагт оруулах хувь нэмэр нь нэмэгддэг.

Оюу толгой үйлдвэрийн 2024 оны үйл ажиллагааны жилийн тайлангаас харвал ханган нийлүүлэгчдийнх нь тоо 2023 онынхоос 8 хувиар, худалдан авалтын үнийн дүн 25 хувиар тус тус нэмэгджээ. Үндэсний ханган нийлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь компаниуд Оюу толгойн стандартыг хангахын тулд өсөж хөгжин шинэчлэл хийж, технологио сайжруулж, ажилчдаа сургаж, бизнесээ өргөжүүлэн, олон харилцагчтай болоод байна. Тус уурхайгаас худалдан авалтдаа зарцуулсан нэг төгрөг бүр 0.296 дахин үржигдэж, эдийн засгийн “цусны эргэлт”-ийг тэтгэдэг.

Өдөөгдсөн нөлөө: Үүнийг товчхоноор хэрэглээнээс бий болсон эдийн засгийн үр өгөөж гэж ойлгож болно. Уурхайн ажилчид болон ханган нийлүүлэгч компаниудын ажилчид авсан цалингаараа орон сууц авч, дэлгүүрээс хүнсээ цуглуулж, үйлчилгээний салбарт мөнгөө зарцуулдаг. Байрны гадаах супермаркет, ресторан, үр хүүхдийнхээ сургалт хөгжилд зориулсан хэрэглээний төлбөрүүд нь ихэвчлэн эдийн засагт үй олноор ажлын байр бий болгодог жижиг, дунд үйлдвэрлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дансанд шууд очдог мөнгө юм. Гараас гарт хүрч, иргэдийн халаасанд шингэдэг энэхүү мөнгөн урсгал 2024 онд эдийн засагт 1.5 их наяд төгрөгийг бий болгожээ. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн ажилчдаар дамжин эдийн засагт шингэж буй 1 төгрөг бүр 0.32 дахин үржигдэж, нэмэгдэл үнэ цэнийг бий болгодог байна. Ажилчдын цалин хөлс, нийгмийн хангамж өндөр байх тусам хэрэглээгээр дамжсан энэхүү өдөөгдсөн нөлөө улам нэмэгддэг аж.



 

Дүгнэж хэлбэл, Оюу толгойн бий болгосон 1 төгрөг бүр зах зээлийн сувгаар дамжин компаниас компани, компаниас хүн, хүнээс хүнд дамжихдаа 1.6 дахин үржигдэн баялаг бүтээдэг бөгөөд 2024 онд 7.6 их наяд төгрөгийг Монгол Улсын ДНБ-д бий болгожээ. Сонирхуулахад, улсын хэмжээнд уул уурхайн салбарын үржүүлэгчийн нөлөө 1.7 байдаг бол Канад улсад 1.6 байдаг юм байна.

Эдийн засагт шингэсэн 7.6 их наяд төгрөг бол зөвхөн статистик биш, бидний халаасанд шингэсэн асар их боломж юм. Тэгвэл энэ хэр их мөнгө вэ?Орон сууц: 50 мянга гаруй өрхөд тус бүр 150 сая төгрөгийн ипотекийн зээл олгож, шинэ сууцанд оруулах боломжтой мөнгө.Боловсрол: Бага, дунд боловсролын салбарт зүтгэж буй 40 мянган багшийн сарын цалинг 4.5 сая төгрөгт хүргэж, тэдний нийгмийн баталгааг бүрэн шийдэж болно. Цаана нь дахиад илүү гарна. Эрчим хүч: Аймаг, хот бүрд "Бөөрөлжүүт"-ийнх шиг хүчирхэг цахилгаан станц эсвэл

  • Эрүүл мэнд: Хорт хавдрын тусламж үйлчилгээний төрөлжсөн орчин үеийн эмнэлэг аймаг, хот бүрд барих санхүүгийн чадамж юм. Гэхдээ энэхүү 7.6 их наяд төгрөгийн нэмүү үнэ цэн бол төрөөс хуваарилдаг төсөв биш, харин таны бизнесийн захиалга, таны дэлгүүрийн борлуулалт, таны хүүхдийн сургалтын төлбөр болж буй зах зээлийн “амьд” урсгал гэдгийг ойлговол Оюу толгойн уурхай эдийн засагт хэр хэмжээний үр суулгасан нь тодорхой юм.

Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд эдийн засгийн араа улам эрчтэй эргэж, бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид болон өрх гэр бүлүүдийн амьжиргаанд шинэ боломжуудыг тасралтгүй бий болгох нь ойлгомжтой. Бидний амьдралд үүссэн ийм хэмжээний бодит боломжийг ирээдүйн баталгаа болгох ухаан монголчууд биднээс хамаарах билээ.

Нийтлэлч: З.Цэлмэг



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.121
    27 минутын өмнө

    Цаасан дээр байдаг худлаа онол яриад солиороод байхаа боль.

    Хариулах
  • 202.179.24.247
    1 цагийн өмнө

    Наад мөнгөө ард түмэний хувьцаа эзэмшигчид өгөө авилгачдыг тэжээмээргүй байна

    Хариулах
  • 202.179.24.247
    1 цагийн өмнө

    Худалаа шаагаад байхаа болио ард түмэн оюу толгойгоос ашиг хүртээгүй шүү та нар төлөх ёстой татвараа л төлж байгаа шүү жоохон шавхруу долоолгож иргэдийн тархи угаах даа сайн гадны хулгайчдыг мөдхөн хөөж гаргана аа

    Хариулах