“Нээлттэй хаалганы өдөр"-ийн нээллтэй байгууллагыг онцоллоо

Х.Есү
4 цаг 21 минутын өмнө

Д.Сүхбаатарын талбайд 2026 оны 4 дүгээр сарын 9-11-ний хооронд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам хамтран “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээгээ иргэд олон нийтэд нээлттэй танилцуулж байгаа билээ. 

Эрчим хүчний яамны харьяа Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК гэх мэт байгууллагууд байгаа бол Аж үйлдвэр, эрдэс баялгын яамны харьяа Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Геологийн судалгаа, шинжилгээний төв ТӨҮГ, Эрдэнэс Монгол нэгдэл ТӨХК-13 зэрэг энэ салбарын голлох байгууллагууд өөрсдийн асараа тохижуулж иргэдэд үйлчилж байна.


Бидний зорин очсон газар бол Ашигт малтмал, газрын тосны газар бөгөөд энэ байгууллагын тухай ерөнхий олон нийттэй адил бодолтой байлаа. Газрын лиценз олгодог, хянадаг байгууллага, түлш бензиний хомсдол үүсэхэд энэ агентлагын тухай л бид хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан сонсож үзэж хардаг. Харин энэ удаа миний бие тус байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг илүү таних, таниулах зорилгоор хагас өдөр албан хаагч залуустай хамт ажилласан юм. Ашигт малтмал, газрын тосны газар нь:

  • Ашигт малтмалын хайгуул, ашиглалт
  • Газрын тосны хайгуул ашиглалт
  • Газрын тосны бүтээгдэхүүн
  • Тусгай зөвшөөрөл
  • Төв лаборатори гэсэн үндсэн мэргэжлийн чиглэлээр иргэд аж ахуй нэгжүүдэд үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.


Тус “Нээлттэй хаалганы өдөр”-т дээрх чиглэлээр иргэдэд мэдээлэл өгч, шуурхай шийдвэрлэх боломжтой үйлчилгээг үзүүлж байлаа. Эрч хүчтэй найрсаг залуучууд сонирхон ирсэн иргэдэд мэдээлэл өгч халуун кофегоор дайлахын хажуугаар өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэглэдэг тоног төхөөрөмж сонирхолтой үзүүлэнг ч мөн танилцуулж байлаа. Өдөрлөгийн талаар цахим хуудаснаас мэдээлэл авсан аж ахуй нэгжүүд мөн тус өдөрлөгийг зорин ирж намайг байсан хагас өдөрт 10 орчим аж ахуй нэгжүүд уулын ажлын төлөвлөгөө тайлангаа хянуулах, баталгаажуулж зөвлөгөө авч байв. Ерөнхийдөө Ашигт малтмал, газрын тосны газар аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих хүрээнд төлөвлөгөө тайлан богино хугацаанд баталгаажуулах цахим систем нэвтэрсэнээр үйл ажиллагаа нь илүү ил тод нээлттэй болсон нь харагдаж байлаа.

Манай улсад нэлээн дээгүүрт орох  “Уул уурхай газрын тосны төв лаборатори” мөн энэ агентлагт харьяалагддаг бөгөөд нүүрс, газрын тос, хөрс, усны бохирдлын шинжилгээг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр өндөр нарийвчлалтай шинжилдэг аж. Дизелийн түлш, автобензиний октан, чанар, механик хольцийн хэмжээ г.м 20 гаруй төрлийн шинжилгээг хийж баталгаажуулдаг юм байна. Иргэдээс бензин октандаа хүрэхгүй байна, нарийн шалгуулмаар байна гэх мэт гомдлууд ирдэг ба тэр ч утгаараа лабораторийн ажилтан албан хаагчид хариуцлагатай ажилладаг гэдгээ өдөрлөгийн үеэр бидэнд танилцуулсан.

Ашигт малтмал, газрын тосны газар нь Монгол Улсын Засгийн Газраас баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгийн бодит өсөлтийг бий болгоход уян хатан, хурдан шуурхай, ил тод байдлыг баримтлан ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэ чиглэлээр үйл ажиллагаагаа сайжруулан ажиллахаа илэрхийлж байв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна