Б.Мөнхбат: Хэчнээн хүүхэд дээрэлхэлтийн хэрэгт холбогдсоныг хэлэх боломжгүй

Х.Есү
2026/04/13

Цагдаагийн Ерөнхий газраас үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнхбат:

Нэгнээ бүлэглэн зодож, дээрэлхсэн хүүхдүүдийн хэргийг энэ сард шийдвэрлэнэ. Одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг эрүүгийн хуульд заасан зүйл анги байхгүй. Харин үйлдэл нь тусдаа гэмт хэргийн шинжтэй бол тус тусдаа үйлдсэн үйлдлийнхээ дагуу гэм буруугийн асуудал яригдаж, шүүхээр эцэслэн шийдвэрлэгддэг.

Цахимд гарсан бичлэгийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэчнээн хүүхэд хэрэгт холбогдсоныг хэлэх боломжгүй байна.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан:

Улсын хэмжээнд 2025 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 2339, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 1135, энэ оны эхний 03 сарын байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 518, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 311 бүртгэгдэж, 335 хүүхэд хохирсон байна.

Өнгөрсөн 2025 онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 504 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 246 буюу 48.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 258 буюу 51.3 хувь нь зөрчлийн шинжтэй, энэ оны эхний 03 дугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагад үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 58 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 26 буюу 44.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 32 буюу 55.2 хувь нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалган  шийдвэрлэсэн.

Үе тэнгийн дээрэлхэлт нь ихэвчлэн хэд хэдэн хүүхэд нийлж хүүхдийн бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэн иргэд олон нийтийг айдаст автуулдаг.

Нийтийн цахим сүлжээнд цахим групп үүсгэн бусдыг дээрэлхэж гадуурхаж, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдах зэрэг байдлаар үйлдэгдэж байна. Мөн насанд хүрсэн хүн хувийн арга хэмжээ авах, хүүхдээ өмөөрөх зэрэг байдлаар сургууль, олон нийтийн газар бусдын хүүхдийг зодох дээрэлхэх гэмт хэрэг, зөрчлүүд бүртгэгдэж байна.

Иймд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн ажлыг энэ оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангасан" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна