Хүүхэд бүр тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ялгаатай хэрэгцээ, онцлогоос үл хамаарч бүх шатны боловсролын үйлчилгээг тэгш авах эрхтэй. Гэвч өнөөдөр 0-18 насны зарим хүүхэд ялгаатай байдлаасаа болж боловсролын үйлчилгээг тэгш авч чадахгүй байгаа юм.
Иймд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хүүхэд бүрийг ялгаатай хэрэгцээнээс үл хамаарч тэгш хамруулан сургах, хүүхдийн хөгжлийг дэмжих санал санаачилгыг гаргаж, улмаар өнгөрсөн хоёрдугаар сард Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очиртой “Тэгш хамран сургах боловсролыг дэмжигч дүүрэг” дэд арга хэмжээг хэрэгжүүлэх Санамж бичиг байгуулсан. Тэгвэл өнөөдөр энэхүү санамж бичгийг хүрээнд Баянгол дүүрэг Боловсролын Ерөнхий газартай хамтран “Тэгш хамруулан сургах боловсролын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” цогц сургалтыг эхлүүллээ.
Энэхүү сургалтын үйл ажиллагаанд Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, БЕГ-ын Тэгш хамруулах боловсролын хэлтсийн дарга Э.Чулуунхишиг, ГБХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Янжмаа, ХБХСТ-ийн Тэгш хамруулах, сэргээн засах газрын дарга Ч.Ган-Эрдэнэ, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга З.Балдандугар, Боловсролын хэлтсийн дарга Б.Наранбаатар, “Адина”ТББ-ын тэргүүн Л.Ариунзул зэрэг энэ чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
Мөн сургалтад Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн 25 сургууль, 41 цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар хамрагдлаа. Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Зөвхөн манай дүүрэгт гэхэд хөгжлийн бэрхшээлтэй болон байнгын асаргаатай 0-18 насны 1185 хүүхэд бүртгэлтэй байдаг. Гэвч 2025-2026 оны хичээлийн жилд дүүрэг дэх,
Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 55 ЕБС-д 556,
Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 68 цэцэрлэгт 194 буюу нийт 750 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсролын үйлчилгээ авч багаа бөгөөд үүний цаана 420 орчим хүүхэд хүнд хэлбэрийн бэрхшээл болон бусад шалтгаанаас болж боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдаж чадахгүй байна.
Иймд манай дүүрэг Хүүхэд бүр тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ялгаатай хэрэгцээ, онцлогоос үл хамаарч бүх шатны боловсролын үйлчилгээг тэгш олгоход анхаарч “Тэгш хамран сургах боловсролыг дэмжигч дүүрэг” дэд арга хэмжээний хүрээнд энэ чиглэлд жишиг дүүрэг болохын төлөө ажиллана” гэсэн юм.
Цаашид Баянгол дүүрэг “Тэгш хамран сургах боловсролыг дэмжигч дүүрэг” дэд арга хэмжээний хүрээнд:
Сургуулийн дэмжлэгийн багийн 83 гишүүн болох Нийгмийн ажилтан, сургалтын менежер, эмч, сэтгэлзүйч нарт чиглэсэн 9кр багц модул сургалтыг “Адина” ТББ-тай,
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүртэй ажиллаж, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа 300 гаруй багшийг тусгайлсан Модул сургалтад хамруулах юм байна. Мөн Баянгол дүүрэгт бүсчилсэн байдлаар Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан төвүүд нээхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна