МАН талцаж жүжиглээд түгжрэл бууруулах амлалтаасаа “бултаж” байна уу

Х.Батсайхан
4 цаг 1 минутын өмнө

Түгжрэл бууруулна гэж амалж гарч ирсэн МАН-ын эвэртэн тууртангууд дөрвөн жил эрх барьж дураараа дургиад, сонгосон иргэд нь дөрвөн жил дээрээ сандайлуулчихаад асуудлаа нэгийг нь ч шийдүүлж чадахгүй, тэр байтугай амлалт биелээгүйн бурууг өөрсөд рүүгээ чихүүлээд 2028 онд хариуцлага  тооцож ч чадахгүй хоцрох нь уу гэсэн хар төрөөд байх боллоо.

Юу гэхээр, МАН Улаанбаатарын  авто замын түгжрэлийг шийднэ гэдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлээд Нийслэлд үнэмлэхүй ялсан. Ялах гол үндэслэл нь Энхтайвны өргөн чөлөөний ачааллыг хуваалцах хэвтээ тэнхэлгийн хоёр дахь замыг барих амлалт байсан бөгөөд 2024 оны сонгуулийн үеэр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замыг чөлөөлөх, олон жилийн өмнө эхэлсэн Туулын хурдны замыг барих гэсэн хоёр хувилбартай байв.

Дээр нь, Нэг, Хоёрдугаар тойрог зам, Улаанбаатар метро, трамвай, дүүжин тээвэр зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр амалсан байв.  

Бүгд хэрэгжихэд түгжрэл буурч, хугацаатай тавигдсан автомашины дугаар олголтын хоригийг цуцлах боломж бүрдэх байв. “Машин унахыг нь эдийн засгийн аргаар багасгана” гэх муйхарлал ч арилах байв.

Гэтэл төмөр замын газрыг чөлөөлөх ажил Оросууд зөвшөөрөөгүй гээд бүтсэнгүй. Туулын хурдны зам төсөл дөнгөж эхэлсний маргааш зохион байгуулалттай гарч ирээд “Туулын хурдны замыг баривал Туул гол ширгэнэ” гэв. Жилд гурван их наяд төгрөг буюу Туулын хурдны замын нийт төсөвт өртгөөс их мөнгөөр үнэлэгдэх боломж тавьж туудгаа, төсөвт өртөг нь жилээс жилд нэмэгддэг юм гэхэд дараа жил гээд хойшлуулбал бүр л ихийг алдах тухай хэн ч боддоггүй дээ.

Өмнө ингэж дуугарсангүй, яг эхэлсний маргааш нь гарч ирснийг нь монгол хүний муу санаагаар бодохоор 2028 онд яг “Бид уг нь эхлүүлсэн шүү дээ. Гэтэл та нар өөрсдөө эсэргүүцээд болиулсан” гэх гэж байгаа мэт. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам нь түр зогсоогоод, ер нь л яг тэгэх тийшээ хандлаа.

Тэгсэн, “Ер нь мөрийн хөтөлбөртөө амалсан амлалтуудаа иргэдээр өөрсдөөр нь устгуулж болох юм байна” гэж бодсон уу, яасан, өнөө түгжрэл бууруулах Нэг, Хоёрдугаар тойрог зам, Улаанбаатар метро, трамвай, дүүжин тээвэр төслүүдийг нь жагсааж, төсөвт өртгийг хооронд нь нэмээд “Энэ их мөнгийг та л төлнө шүү дээ” гэж тавласан мэдээг нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсээр явуулж эхэлсэн байна.

Бүгдийг нь зогсоох санаатай бололтой. Гэхдээ бүтэхгүй болов уу даа. Талцал нэрээр мөрийн хөтөлбөрөөсөө буцаж байгаа хэр нь дарга нар биш, иргэдийг турхирч байгаа нохой санааг нь гадарлалгүй л яахав. Түгжрэл бууруулах бол МАН-ын мөрийн хөтөлбөрт байгаа амлалт.

Тиймээс 2028 онд түгжрэл буураагүй байвал хариуцлага тооцож зайлуулахаа мэдэх байх. Дарга нар 2027, 2028 онд хэн нь эрх мэдэлтэйгээ үлдэх вэ гэдгээ үзэж байхад иргэд ядаж замтайгаа үлдмээр байна шүү дээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна