Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар /2025.11.24/ Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 16.16, 16.17, 70.1 заалтуудыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Улмаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их хуралд хүргүүлсэн.
Гэтэл Эрүүгийн хуулийн 14.10 дугаар зүйл дээр ижил агуулга бүхий санал оруулж иржээ.
Тодруулбал,
1. Гүтгэх гэмт хэрэг эрүүгийн хуулийн 14.10 дугаар зүйлд батлагдсантай холбогдуулан УИХ-аас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 14.8, 20.1 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газарт үүрэг болгосон тогтоол батлах.
2. Эрүүгийн хуулийн 14.10 дугаар зүйлийн 3-т Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялыг нэмэгдүүлэх
3. Эрүүгийн хуулийн 14.10 дугаар зүйлийн тайлбар “Энэ зүйлийн тайлбарт заасан нийтийн албан тушаал эрхэлж байгаа, эсхүл эрхэлж байсан хүн нь өөрийн албан тушаал, чиг үүрэг, шийдвэр, үйл ажиллагаатай нь холбогдуулан олон нийтэд тараасан сөрөг мэдээлэлд тайлбар хийх үүрэгтэй бөгөөд уг мэдээллийг худал, хуурамч болох талаар үндэслэл бүхий тайлбарыг хийсээр байтал мэдээлэл тараасан этгээд нь энэ зүйлд заасан зорилго сэдэл, арга хэлбэрээр удаа дараа олон нийтэд тараасан бол энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн нь албан тушаалтан өөрөө болон холбогдох албан тушаалтнаар уг мэдээллийг худал, хуурам болох талаар үндэслэл бүхий “тайлбар хийсэн” мэт болоход цаашид нэг талаас үндэслэлгүй тайлбар гэх нөгөө талаас үндэслэлтэй тайлбар гэх маргаан үүснэ.
Энэ тайлбараар үндэслэлгүй тайлбар гээд мэдээллийг нийтэд хүргэж байгаа хүнийг цагдаагийн байгууллага дуудаж шалгах, улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрсдэл бий болох юм.
Энэ талаар хуульч Д.Оросоогоос тодруулахад "Эрүүгийн хуулийн 14.10 дугаар зүйл дээр 13.14-ийн агуулгыг нь хэвээр хадгалж, боловсруулсан байна. Хэдийгээр өргөн мэдүүлээгүй байгаа ч ажлын хэсэг үүнийгээ тайлбарлах болов уу гэж бодож байна. Байнгын хороон дээр илүү тодорхой яригдах байх" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна