Т.Мөнхсайхан: Эмнэлгүүдийн өр төлбөр нэмэгдэж, намар гэхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасалдах эрсдэлтэй байна

Zuv.mn
1 цаг 30 минутын өмнө

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханаас дараах тодруулгыг авлаа. Тэрбээр 2024-2025 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан юм.

-Эрүүл мэндийн даатгалын сан менежментээ сайн хийгээд өргүй боллоо гэж ойлгож болох уу. Өмнө нь ямархуу байдалтай байсан бэ. Яагаад өрийг нь барагдуулчихаж болдоггүй байсан юм бэ?

-2024 онд намайг Эрүүл мэндийн сайдын ажлыг хүлээж авахад Эрүүл мэндийн даатгалын сан 300 гаруй тэрбум төгрөгийн өртэй байсан. 2025 оны эхний улиралд 2024 оны өр төлбөрийг барагдуулж дуусаж байсан.  Ковидоос хойш 2, 3 жил хуримтлагдсан өрийг барагдуулсаар байгаад одоо өр 200 тэрбум руу багасаад орж ирсэн. Шинэ сайд өр барагдууллаа гэдэг нь 2025 оныхыг дуусгасан, 2026 оны өр үүнээсээ давчихсан явж байна, үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. 

Яагаад гэвэл, цалинг шийдвэрлэх тогтоол нь өнөөдрийг хүртэл гараагүй явж байгаа учраас өр төлбөр нэмэгдэх нь тодорхой гэсэн үг. Эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалын санд их хэмжээний өртэй байна. Цалингийн нэмэгдлийг оны эхнээс олгож эхэлсэн. Энэ нэмэгдэл үндсэн цалин дээр нэмэгдэнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэмэгдээгүй байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 4-р тогтоол батлагдаагүй байна. Энэ тогтоолоор үндсэн тариф 8 хувь нэмэгдэж байгаа. Үүгээрээ цалингийн нэмэгдлээ эрүүл мэндийн байгууллагууд олгох байсан ч, жилийн хагас болж байхад энэ нэмэгдлүүд батлагдаж олгогдоогүй байна. Тийм учраас эрүүл мэндийн байгууллагуудын өр төлбөр илүү ихээр нэмэгдэх болоод байна. Эдгээр асуудлыг яаралтай шийдэхгүй бол эрүүл мэндийн салбар намар гэхэд санхүүжилтийн хүнд нөхцөлд хүрч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасалдах эрсдэлтэй байна.

Мөн 2025 онд эрт илрүүлгийг сайжруулах зорилгоор зогсоосон. Сайжруулсан, эхэлсэн ч зүйл алга. Бид өвчнөөс сэргийлдэг тогтолцоогүй болоод жил болчихлоо. Энэ тал дээр Э.Батшугар сайд анхаарч байгаа гэж бодож байна. Урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн бодлогоо хэрэгжүүлэхгүй бол өвдсөнийхөө дараа эмчилдэг, иргэддээ ачаалал өгдөг асуудал эргээд хуучин хэвэндээ орлоо. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт эрүүл мэндийн даатгалын нэг хувийг ч зарцуулдаггүй байсан.

-Эрүүл мэндийн даатгалын сангаас цалин тавих эрх зүйн очин байдаг уу. Хуульд ямар зохицуулалт байгаа вэ?

-Хуучин бүх зүйл тусдаа байсан. Одоо бүгдийг нь эрүүл мэндийн даатгалын сан төвлөрүүлээд гүйцэтгэлээр нь эрүүл мэндийг байгууллагуудыг санхүүжүүлнэ. Санд зөвхөн даатгуулагчийн мөнгө биш улсын төсвөөс, төр даах тусламж үйлчилгээнээс очиж байгаа мөнгө нийлээд хуваарилагдаад очиж байгаа.

-Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүнээр удирдуулсан нь дээр үү? Сайн менежерээр удирдуулсан нь дээр үү?

-Мэргэжлийн хүн удирдвал цаг хугацаа алдахгүй, зөв шийдлүүдийг гаргаад явах боломжтой.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна