ИЗНН-ын 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, намын дэргэдэх байгууллагууд, Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл болон намын бүх шатны байгууллагууд намд үүссэн зөрүүтэй нөхцөл байдлыг хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрлээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 45 дугаар тогтоолд тусгагдсан “хоёр өөр өргөдөл, хоёр өөр дүрэм”-ийн улмаас үүссэн дотоод зөрүүтэй асуудлыг ИЗНН-ын хяналтын төв байгууллага болох Дүрмийн хороо хуралдан, Улс төрийн намын тухай хууль болон намын хүчин төгөлдөр дүрмийн хүрээнд нэг мөр хянан шийдвэрлэсэн байна.
Дүрмийн хорооны шийдвэрээр 2026 оны гуравдугаар сарын 09-ний өдөр “Онц Их хурал” гэх нэрээр зохион байгуулагдсан үйл ажиллагаа нь намын хүчин төгөлдөр дүрэмд заасан Их хурал зарлах журам, эрх бүхий байгууллагын шийдвэр, төлөөлөгчийн бүрдэл, мандат, ирцийн шаардлагыг хангаагүй тул ИЗНН-ын хууль ёсны Их хуралд тооцогдохгүй гэж үзжээ. Мөн уг үйл ажиллагаанаас гарсан гэх намын дарга сонгох, дүрэм батлах, удирдлага өөрчилсөн гэх аливаа баримт бичиг нь намын эрх зүйн хүчин төгөлдөр үр дагавар үүсгэхгүй гэж дүгнэсэн байна.

Харин 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хуралдсан ИЗНН-ын Ээлжит бус XIII Их хурал нь намын даргын тушаал, Улс төрийн зөвлөлийн тогтоол, Үндэсний хорооны шийдвэр, Зохион байгуулах комиссын тогтоол, мандат, ирц, санал хураалтын баримтад тулгуурлан хууль, дүрмийн дагуу зохион байгуулагдсан албан ёсны Их хурал болохыг намын эрх бүхий байгууллагууд баталгаажуулсан байна.
Тус XIII Их хурлаар Улс төрийн намын тухай хуульд нийцүүлсэн ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан бөгөөд уг дүрэм, холбогдох баримт бичгийг Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх нэг өргөдөл, нэг дүрмийн хамт хүргүүлэх нь зүйтэй гэж намын Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл, Дүрмийн хороо болон орон нутгийн бүх шатны байгууллагууд нэгдсэн байр суурьт хүрсэн байна.
ИЗНН-ын Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл, Нийслэлийн намын хороо, 21 аймгийн намын хороод, нийслэлийн 9 дүүргийн намын хороод, намын Ахмадын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо зэрэг намын бүтцийн байгууллагууд Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй намын дарга, Улсын Их Хурлын гишүүн Батын Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл, Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа албан ёсоор илэрхийлжээ.
Мөн 2026 оны зургадугаар сарын 27-ны өдөр ИЗНН-ын 1200 орчим гишүүн, дэмжигчдийн оролцоотой Үндэсний чуулган Улаанбаатар хотноо зохион байгуулж, намын эв нэгдэл, хууль ёсны удирдлага, хүчин төгөлдөр дүрмийн хэрэгжилт, XIII Их хурлын шийдвэрийг дэмжсэн нэгдсэн байр сууриа баталгаажуулсан байна.
Үндэсний чуулганд оролцогчид “ИЗНН-ын жинхэнэ хүсэл зориг, эв нэгдэл нь намын нийт гишүүд, орон нутгийн намын хороод, дэргэдэх байгууллагуудын хамтын байр суурь, хууль ёсны удирдлага, Дээд шүүхэд бүртгэлтэй хүчин төгөлдөр дүрмийн хүрээнд оршиж байна” хэмээн тунхаглажээ.
Чуулганы тунхагт мөн “Үндэсний чуулганыг намын Их хуралтай адилтгахгүй, намын дүрмийг зөрчихгүй, намын дүрэмд заасан Их хуралтай зэрэгцэн аливаа эрх эдлэхгүй, шийдвэр гаргахгүй” гэж онцлон тэмдэглэсэн нь ИЗНН хууль дээдлэх, дүрмийн байгууллагын зарчмаа хатуу баримталж байгааг харуулж байна.
Ийнхүү ИЗНН-ын дотоодод үүссэн зөрүүтэй, маргаантай асуудал намын хяналтын байгууллага болон эрх бүхий төв байгууллагуудаар нэг мөр шийдвэрлэгдэж, Б.Батбаатарын тэргүүлсэн бүртгэлтэй хууль ёсны удирдлага, 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн Ээлжит бус XIII Их хурлын шийдвэр, шинэчлэн баталсан дүрмийг Монгол Улсын Дээд шүүхэд хүргүүлэх улс төр, эрх зүй, зохион байгуулалтын нэгдсэн үндэслэл бүрджээ.
ИЗНН цаашид намынхаа эв нэгдэл, хууль ёсны удирдлага, гишүүдийн оролцоо, ногоон хөгжлийн бодлого, шударга ёс, иргэдийн амьдралд хүрсэн бодлогын улс төрийг бэхжүүлэхийн төлөө бүх шатны байгууллага, нийт гишүүдтэйгээ нэгдмэл байр суурьтайгаар ажиллахаа мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна