П.Сайнзориг: ТӨК-иуд үр ашигтай ажиллавал захирлууд нь цалин, урамшуулал авах нь зөв ч эргээд хариуцлага хүлээдэг байх ёстой

Т.Отгонсувд
15 цаг 31 минутын өмнө

Оюутолгойн хэлэлцээрийн явц болон төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах шинэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа. 

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийн хугацаа тулчихлаа. Хэлэлцээр хэр амжилттай байх бол гэж та бодож байна?

Зэсийн үнэ нэг тонн нь 14 мянган ам.долларт хүрч байгаа энэ үед бид тонн тутамас ердөө 750 орчим ам.долларын АМНАТ авч байна. Миний хувийн байр суурь бол Монголын талын эзэмшиж буй 34 хувийн хувьцааг тусгай АМНАТ-аар орлуулах явдал юм. Хэрэв бид борлуулалтын орлогоос шууд 12-13 хувийн тусгай АМНАТ авдаг болбол тонн тутамас 1600-1700 ам.доллар авах боломж бүрдэнэ. Энэ нь манай улсын эдийн засагт хамаагүй ашигтай бөгөөд төсвийн урсгал зардал, дэд бүтцийн бүтээн байгуулалт, багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэвэр зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд томоохон дэмжлэг болно.

Оюутолгойн орд олборлолтын оргил үедээ хүрч, зэсийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч байгаа энэ үед Монголын тал ердөө таван хувийн АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) авч байгаа нь харамсалтай бөгөөд үүнийг өөрчлөх шаардлагатай. 

Монголын тал өөрийн 34 хувьд хориг тавих эрхтэй байх, өөрөөр хэлбэл бусад этгээдэд шилжүүлэх эсвэл Оюутолгойн 66 хувийг эзэмшигч тал хувьцаагаа зарахад заавал Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авдаг байх зохицуулалтыг хийх шаардлагатай. 

Бусдаар хэлэлцээр явж байна, зээлийн хүүг бууруулах гэж байна гээд байвал энэ үлгэр дуусахгүй. 

Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах хуулийн төслийнхөө талаар мэдээлэл өгөөч?

Энэ хаврын чуулганаар батлагдах хамгийн том реформ бол Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль байх болно. Энэхүү хуулиар төрийн өмчит компаниудад томоохон өөрчлөлт авчрах бөгөөд зөвхөн цэвэр ашгаас ногдол ашиг авдаг зарчмыг өөрчилж, аудитлагдсан үнийн дүн болон гэнэтийн ашгаас ногдол ашиг авах эрх зүйн зохицуулалтыг шинээр оруулж байгаа. 

Энэхүү хууль эрх зүйн шинэчлэл нь Засгийн газрын хэлэлцээрт ч том нөлөө үзүүлнэ.

Төрийн өмчит компаниудын захирлуудын өндөр цалин, урамшууллын асуудлыг цэгцлэх шаардлага байгаа. Компанийг үр ашигтай ажиллуулбал цалин, урамшуулал авах нь зүй ёсны хэрэг. Харин үр ашиггүй ажиллуулсан бол хариуцлага хүлээж, ажлаа өгдөг байх ёстой. Засгийн газар энэ тал дээр маш хатуу байр суурьтай байгаа. 

Мөн хууль батлагдсаны дараа ирэх намар Засгийн газраас төрийн өмчийн компанийн өмчлөлийн бодлогын баримт бичгийг оруулж ирэх бөгөөд үүгээр аль компанийн хэдэн хувийн хувьцааг, ямар хугацаанд Хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжаалахыг шийдвэрлэх юм. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.32
    50 минутын өмнө

    Эзэнгүй өмчин дээр ашигтай ажиллахыг чи хаана, хэзээ харсан юм бэ??? Төрийн өмчит компаниудыг байлгаад байгаа нь эрх мэдэлтнүүд идэж баяжих л ганц зорилготой!!! Маргарет Тэтчер Ерөнхий сайд болоод төрийн өмчит компаниудыг зад хувьчлаад хаясан чинь эдийн засаг нь суга өсөөд босоод ирсэн!!!!

    Хариулах