Х.Булгантуяа: Анх удаа нийгмийн даатгалд хамрагдаж байгаа иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд чөлөөлнө

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 40 минутын өмнө

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Нийгмийн даатгалын тухай хууль батлагдсантай холбоотойгоор шимтгэл болон тэтгэврийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ахмадын тэтгэврийн нэг хэсгийг улсын төсвөөс хүн болгонд 100-300 орчим мянган төгрөгийг авч байгаа тэтгэвэр, ажилласан жилтэй нь уялдуулж өгөх суурь тэтгэвэр бий болсон. Тэтгэврийн даатгалын сангаас олгодог одоо олгож байгаа тэтгэврээ үргэлжлүүлэн авна гэсэн үг. Хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн хуулийг өргөн бариад гурван давхар тогтолцооноос авахаар боллоо. Мөн Нийгмийн даатгалын багц хуульд өөчлөлт оруулахдаа ажил олгогч нарт нэлээд давуу байдал олгосон. Ерөнхий сайдын “Чөлөөлье” уриалгын үр дүнд өөрчлөлтүүдийг оруулсан.

Албан бус салбарт ажиллаж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангаж, ирээдүйд тэтгэвэр авах боломжийг нээж өгөх зорилгоор анх удаа нийгмийн даатгалд хамрагдаж байгаа иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд чөлөөлөхөөр болж байна. Одоо болтол даатгуулж амжаагүй иргэд энэ хугацаанд даатгуулбал 50 хувийг нь 24 сарынх хугацаанд чөлөөлнө.

Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, үйл ажиллагааг тогтворжуулах зорилгоор сүүлийн таван жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн тав хүртэлх ажилтантай ажил олгогчийн гурав хүртэл ажилтны тэтгэвэр тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 36 сар хүртэлх хугацаанд, хэрэв ажилтан хөгжлийн бэрхшээлэй бол 60 хүртэлх сарын хугацаанд чөлөөлөхөөр болсон. Бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 40 орчим хувь нь 1-5 ажилтантай байдаг. Эдгээр ажил олгогчдын хувьд 36-60 сарын хугацаанд хөнгөлөлт эдлэх боломж бмй боллоо.

Хөлсөөр гүйцэтгэх гэрээн дээр авдаг шимтгэлийг, хөдөлмөрийн гэрээгээр аль нэг байгууллагад ажиллаж байвал хажуугаар нь өөр ажил хийж авсан хөлсний шимтгэлийг өөрийн сонголтоор ганцхан гэрээнээсээ төлнө. Хуучин бол бүх гэрээнээс нь төлдөг байсан. Төлж байгаа шимтгэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав нугалснаас хэтрүүлэхгүй. Аль аль талыг дэмжсэн хуулийн зохицуулалтыг хийж өгсөн.

Ажил олгогчийг дэмжих, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх, хувийн нэмэлт тэтгэвэр, даатгалд хамрагдах нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх цалин хөлсний дээд хэмжээг тогтоосон. Ажилтан болон даатгуулагч талаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-аас дээшгүйгээр төлдөг. Найман саяас дээш цалинтай хүмүүс энэ мөнгөнөөсөө өөрийнхөө шимтгэлийг төлнө. Ажил олгогч талдаа өгч байгаа цалингийнхаа хэмжээнээс төлдөг байсан бол үүнийг үе шаттайгаар дараагийн 3 жилийн хугацаанд бууруулан хуульчилж өгч байгаа.

Оюутан залуучуудын хувьд цалингаас нь нийгмийн даатгалын шмтгэлийг бүтэн авдаг байсан бол шинэ хуульд 15-24 насны дэд бакалавр, бакалаврын зэргээр сурч байгаа оюутнуудын хувьд өөрийн гар дээр авч байгаа цалингаас шимтгэл төлөхгүй байхаар хуульчилсан. Гэхдээ өөрийн сонголтоор төлсөн ч болно, төлөхгүй байсан ч болно. Шимтгэлээс чөлөөлөгдөж байгаа ч 26 нас хүрээд өөрийн хүслээр нөхөн төлж болно. Өндөр цалитай болох, эсвэл декрит авахаар бол, өөрийнхөө нийгмийн хамгааллын бодлогыг хангая гэвэл боломжтой" гэлээ




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна