Мороккогийн хожигдолгүй цуврал 34-т хүрч, Францчууд өөрсдийнх нь “мэх”-ээр Парагвайг зогсоов

Zuv.mn
1 цаг 57 минутын өмнө

ДАШТ-ий шөвгийн 16 багийн тоглолтууд өнгөрсөн шөнө Канад-Морокко, Парагвай-Францын багийн өрсөлдөөнөөр эхэллээ.

Морокко ялагдалгүй цувралаа үргэлжлүүллээ

Хэмнэл удаан, яс хамгаалж, цэгцтэй довтолдог Мороккогийн эсрэг Канадчууд эрч хүчээр ааглаж, эхний гоолыг оруулан тоглолтыг нь алдагдуулах тактиктай гарч ирсэн. Ингээд шуурган довтолгооноор бөмбөгдсөн ч Мороккогийн хамгаалагч, тэр тусмаа  хаалгач Буну алдаа гаргасангүй. Хоёрдугаар үе ч энэ янзаар эхэлсэн ч 50 дахь минутад Унахи сөрөг довтолгоогоор гоолдож, 82 дахь минутад Браим Диасын  дамжуулалтаар 2:0 болгосноор тоглолтыг шийдэв.

Канадчууд санаачилгатай байсан ч довтолгоогоо оновчтой төгсгөж чадахгүй, сүүлдээ 16-гийн гаднаас цохиж үзэх зэргээр учраа олохгүй байсаар зохион байгуулагчдаас хамгийн түрүүнд тэмцээнээ өндөрлүүлэв. Тоглолтын төгсгөлд сөрөг довтолгооноор Рахими дахин нэг гоол оруулснаар Морокко шөвгийн наймд үлдэж, Парагвай-Францын хожсонтой шөвгийн наймд тулахаар болов.     

 

Дашрамд, Мороккогийн багийн хожигдоогүй цуврал энэ тоглолтын дараа 34-т хүрсэн бөгөөт тэд өнгөрсөн жилийн зун Кенид 0:1-ээр хожигдсоноосоо хойш өөр багт тахим буулгаагүй явна. 29 хожиж, тав тэнцжээ.

 

 ДАШТ. 1/8 шигшээ

Канад-Морокко 0:3

Гоол Унахи 50 /Хакими 0:1/, Унахи 82 /Диас, 0:2/, Рахими 90+8 /Диас, 0:3/

 

Германыг сөхрүүлсэн Парагвайн “Бохир” тоглолт Францын эсрэг амжилт олсонгүй

Энэ тоглолтод парагвайчууд Францын тоглогчдын эсрэг 13 удаа дүрэмж зөрчжээ. Гэсэн ч нэг ч шар хуудас аваагүй гэхээр энэ “бохир” хөлбөмбөгтөө үнэхээр гаршсаны л шинж биз. Эсрэгээрээ Францын баг тэднээс цөөн /10/ удаа дүрмийн бус тоглолт хийсэн ч шүүгч Танташев гурван тоглогчид нь шар хуудас үзүүлжээ. Төсөөлж байсанчлан хатуу ширүүн, маргаантай, зодоон ч болох хэмжээний тэмцэлтэй тоглолтын эцсийн дүнд Францын шигшээ 70 дахь минутад К.Мбаппегийн 11 м-ийн торгуулийн цохилтоос оруулсан гоолын ачаар хожлоо.

Тоглолт дууссаны дараа бүх өрсөлдөөнөө мартаж, уур бухимдлаа тоглолттой хамт үлдээдэг. Гэтэл энэ тоглолтын дараа Парагвайн хаалгач Орландо Хиль Килиан дээр очин гар барих гэхэд франц тоглогч татгалзсан бөгөөд уурласан Хиль Килианы нуруу руу бөмбөг шидэж орхисон гэхээр ямар ширүүн болсон нь харагдах биз ээ.    

Сүүлд К.Мбаппе "Хөлбөмбөг яллаа" гэсэн бол дасгалжуулагч Д.Дешам ч "Парагвайчуудын хийсэн зүйл хөлбөмбөгч биш" гэжээ.      


 

ДАШТ. 1/8 шигшээ

Парагвай-Франц 0:1

Гоол: К.Мбаппе 70 /11 м, 0:1/



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна