Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир COP17 уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Ц.Сандаг-Очир "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах зорилгоор Багануурын уурхайн ордыг түшиглэн нүүрс пиролизын (хагас коксжуулсан түлшний) үйлдвэр барих шийдвэрийг эцэслэн гаргасан. Төслийн ТЭЗҮ бэлэн болж, БНХАУ-д хийсэн туршилтаар Багануурын нүүрснээс гаргаж авсан түлшний чанар одоогийн мөрдөгдөж буй стандартуудаас өндөр гарсан. Үйлдвэрийг дагаж 50 МВт-ын цахилгаан станц болон давирхайн бүтээгдэхүүний үйлдвэр баригдах бөгөөд нийт өртөг нь 490 гаруй тэрбум төгрөг.
Санхүүжилтийн 20 хувийг Чингис хаан баялгийн сангаас, 10 хувийг Нийслэлийн төсвөөс, үлдсэн 70 хувийг гадаадын хөрөнгө оруулалт, түншлэлийн хүрээнд шийдвэрлэнэ. Төслийн гүйцэтгэгчийг энэ оны гуравдугаар улиралд багтаан сонгон шалгаруулж, дөрөвдүгээр улиралд барилгын ажлыг эхлүүлнэ. Үйлдвэрийн эхний бүтээгдэхүүнийг 2027 оны дөрөвдүгээр улиралд гаргаж, 2028 оны нэгдүгээр улиралд бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулахад 40 хоногийн хугацаа үлдээд байна. Барилга угсралт, дэд бүтцийн ажлыг наймдугаар сарын 3-4-ний хооронд дуусгаж НҮБ-ын талд хүлээлгэн өгөхөөр 24 цагаар ажиллаж байна. Олон улсын сонирхол маш өндөр байгаа бөгөөд одоогоор 700 гаруй төсөл, хөтөлбөр танилцуулах хүсэлт иржээ. Сайн дурын ажилтнаар ажиллах 2000 гаруй иргэн бүртгүүлснээс 600 хүнийг сонгон шалгаруулж сургалтад хамруулж байна. Монгол Улс тус хурлаар бэлчээрийн менежмент, ус болон газрын нэгдсэн удирдлага, байгальд суурилсан дэд бүтцийн шийдэл гэсэн гурван гол санаачилгыг дэвшүүлэн хэлэлцүүлнэ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна