ДАШТ эхлэхийн өмнө бооцооны төвүүд, хөлбөмбөгөөр дагнадаг томоохон хэвлэл, шинжээчид аварга болох хмагийн өндөр магадлалтай багаар Испанийг нэрлэж байв. 2024 оны Европын аваргад түрүүлснээс гадна 29 тоглолтод /үндсэн цагт/ хожигдоогүй/ айхтар саттистик хадгалж байсан болохоор арга ч үгүй. Гэвч тэмцээн эхэлснээс хойш Францын шигшээ ид шидийн гэмээр довтолгооны гайхамшигт хүчээрээ бүхнийг бишрүүлж, шөвгийн 16-гийн тоглолтын дараа түрүүлэх магадлалтай багийн жагсаалтыг өнгөлж эхэлсэн. Гэвч тэдний гайхамшиг хагас шигшээд хүрээд зогсох ёстой байжээ.
Тоглолтын хувь заяаг эргүүлсэн мөч нь 20 дахь минутад болсон бөгөөд үүнд шүүгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн эсэх асуудал одоо яригдаж байгааг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.
Юу болсон бэ гэхээр, “Астон вилла”-гаас ПСЖ-д шилжих нь тодорхой болоод буй, шигшээ багийн “шинэ цэрэг” Люка Дин 16-гийн талбай дотор бөмбөгийг дутуу “цэвэрлээд” алдаагаа засахаар бөмбөг рүү улайрсан.

Үүнийг нь анзаарсан Л.Ямаль урдуур нь орж, хаасан юм. Үр дүннд Люка Ямалийн тааз руу өшиглөж, талбайн шүүгч Иван Бартон 11 м-ийн торгуулийн цохилт заасан юм. Цохилтыг Микель Ойрасабаль амжилттай болголоо.
Микель харин ДАШТ-ий тав дахь гоолоо оруулж, нэг Испаниас ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан үзүүлэлтээр Эмильо Бутрагеньо /1986/, Давид Вилья /2010/-тай зэрэгцлээ. Микель хэсгийн шатанд Саудын Араб, 1/16 шатанд Австрийн хаалганд тус бүр хоёр гоол оруулаад байсан юм.
Микель гоолдсоноор испаничууд тэргүүлийг авсан ч тэр даруйд сошиалд “Люкаг алдаа гаргахаас өмнө Ламин Ямаль бөмбөгт хүрсэн учир пенальт заах ёсгүй байсан” гэсэн шүүмжлэлийг мэргэжлийн шүүгч нар гаргаж тавьсан юм.

Ингээд ДАШТ-ий хамгийн чухал гурван тоглолтын нэгэнд нь шүүгчийн эргэлзээтэй шийдвэр нөлөөлсөн нь тодорхой болсон ч үнэндээ хожигдолд францчууд өөрсдөө л буруутай.
29 дэхь минутад “Арсенал”-ыг энэ жил өндөр амжилт гаргахад хувь нэмрээ оруулсан хамгаалагч Уильям Салиба 29 дэхь минутад гэмтэл авч талбайг орхисон нь Францын багт хүндээр туссан.

Гэлээ гээд довтолгооны шугам нь арай ч дээ гэмээр муу тоглож, өмнөх тоглолтуудад харагдаж байсан цог золбоо, ойлголцол, аюул тархи чадвар нь салхинд хийссэн мэт замхран одсон байв.
Испаничууд ч энэ ДАШТ-д Бельгиэс бусад багтай тоглохдоо гоол алдаагүй нэрээ баталж, сайтар хамгаалсныг хэлэх нь зүйтэй.Улмаар 58 дахь минутад Дани Ольмо, Педро Порро нар хоёул францын хамгаалалтыг нэвтэрч, Педро Порро хаалгачийн эсрэг ганцаар гарснаар 2:0 болж, Испанийн хожил баталгаажсан юм.
Ламин Ямаль мөн гоол хийснийг шүүгч отон тоглолт гээд тооцоогүйг мөн дурдах ёстой.
Францчууд 0,31 xG гоолын боломж үүсгэсэн гэсэн үзүүлэлттэй тоглосон нь маш муу гэсэн үг бөгөөд Opta бүр гоол орох бүрэн боломжтой нэг ч довтолгоо зохион байгуулж чадаагүй гэж дүгнэсэн байна.
Хэвлэлүүдэд Францын хожигдлын шалтгааныг довтолгооны шугамын дөрвөн тоглогч хагасуудтайгаа ойлголцож чадахгүй, хоёр өөр ертөнцийнхөн юм шиг байсан нь бүтэлгүйтлийн гол шалтгаан гэжээ.
Францын баг сүүлийн гурван том тэмцээнд дараалан Испанийн багт хожигдож байгаа бол Испани 2010 оноос хойш 16 жилийн дараа дахин ДАШТ-ий финалд үлдэж байна.
Сонирхолтой баримтууд
● Испани түүхэндээ хоёр дахь удаагаа аваргын төлөө шалгарлаа. Тэд 2010 онд түрүүлснээсээ хойш 2014 онд хэсгээсээ гараагүй бол 2018, 2022 онд 1/8 шатанд өрсөлдөгчтэйгөө тэнцээд цуврал торгулийн цохилтоор хожигдон тэмцээнээ дуусгаж байсан юм.
● Испани том тэмцээний хасагдах шатанд найм дараалж хожсон нь Европын багуудын хувьд дээд амжилт болж байна. Өмнө нь Итали 1934-1938, Испани 2008-2012 онд мөн додлоон тоглолт дараалан хожиж байжээ.

● Испани ДАШТ, ЕАШТ-ий хагас шигшээд найман удаа тоглосноос долоод нь хожжээ. Энэ нь мөн л дээд үзүүлэлт.
● Испанийн шигшээ хожигдолгүй цувралаа 37-д хүргэж, Италийн тогтоосон дээд амжилттэй зэрэгцлээ.
● Францын шигшээ сүүлийн гурван том тэмцээндээ Испанийн багт хожигдлоо. “Евро 2024”-ийн финалд таарахад 1:2-оор хожигдсон бол ноднин Үндэстнүүдийн лигийн хагас шигшээд 4:5, ДАШТ-ий хагас шигшээд 0:2-оор дийлджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна