Н.Учралын Засгийн газрын хувь заяаг Б.Энхбаяр шийдэх үү

С.Батзаяа
2 цаг 34 минутын өмнө

МАН өөрсдөө ярьсан өндөр дүнтэй авлигын асуудал хаачсан бэ. Албан тушаалын наймаа хийгээд авлигын асуудлаа ярихгүй зогсоож байгаа нь хэр шударга ёсонд нийцэж байна вэ. Нөгөө 110 сая ам.долларын эзэнтэй, биетэй хулгай хаачсан бэ. “Бор тээг”-ийн нүүрсний орд гэж асар өндөр үнийн дүн бүхий хулгай ярьж байсан хаачсан бэ. 20-30 сая ам.долларын шилжүүлгийн дүн ярьж байсан юу болсон бэ. Хулгайтайгаа эвлэрээд МАН дуусах гэж байна уу гэх асуултыг сөрөг хүчин болоод олон нийт үнэмлэхүй 10 жил засагласан эрх баригчдаас асуух нь зүй ёсных болж байна. Үнэхээр хэн нь хэнтэйгээ, хулгай, луйвартайгаа яаж тэмцэх нь маш тодорхойгүй, эрх баригчид ус балгасан мэт чимээгүй ажин түжин байсаар бүрэн эрхийнхээ тэн хагаст ирлээ. 

Иргэдийн ядуурал нэмэгдэж байна. Үнийн өсөлт хаданд гарлаа. Үнэхээр улс мөнгөгүй байна уу гэхээр, үгүй ээ. Нэг "хурган" даргын идсэн мөнгө л таван тэрбум байна шүү дээ.  Засгийн газар авлига, хулгайтай тэмцэж эдийн засгаа эмчлээч ээ. Болсон болоогүй юм чөлөөлж байхаар авлига хулгай хийсэн дарга нараа чөлөөлөхийг сөрөг хүчин шаардаж буй. 

Гэсэн ч эрх баригчид энэ асуудлуудад дорвитой хариу өгөхгүй байгаа ч ирэх оны Ерөнхийлөгчийн, цаашлаад 2028 оны УИХ-ын сонгууль ойрхон байгаа учир сонгуульдаа бэлдэхгүй бол иргэдийн дунд намынх нь нэр хүнд муу, олон нийт ууртай байна гэцгээх болжээ. Аргаа ядахад АН-ын дарга О.Цогтгэрэл зургадугаар сард Засгийн газрыг огцруулахаа мэдэгдэж, гарын үсэг цуглуулж эхэлсэн. 

Энэ мэдэгдлийн дараахан Ерөнхийлөгч сайд нарыг дуудаж уулзсан, Ерөнхий сайд тэтгэврийн шинэчлэлт хийхээ зарлаж байв. Нөгөө талд МАН-ын нэр хүнд хэр байгааг тандсан судалгааны дүн. Энэ уулзваруудын зааг дээр Засгийн газар дахин хөдөлбөл ердөө жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдана гэж тооцож буй. Ямар ч боловч энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тогтвортой байлгах нь МАН-ын ойрын гол зорилго болжээ. 

Гарын үсэг зурсан гишүүдийн тоо 41 хүрсэн, өргөн барихад бэлэн болсныг АН-аас өчигдөр мэдэгдлээ. АН-ын 42 гишүүнтэй МАН-ын 62-ын бүдүүн бүлгийн Д.Амарбаясгалангийн талын 30 нэмэгдвэл засаг огцруулах кноп хангалттай бүрдэнэ. Тиймээс намын эв нэгдлийг хангах, Д.Амарбаясгалангийн талтай учраа тохироо хийж, таван сайдын суудал бас бус албан тушаалууд өгөөд буй. Үндсэндээ, АН-д долоон сайдын суудал өгнө хэмээн ам өчиг өгөх нь холгүй байсан МАН-ынхан эцсийн мөчид “мурьсан” нь сөрөг хүчнийг хоосон хоноход хүргэж, уур бухимдал нь дээд цэгтээ хүрч, огцруулах акцаасаа ухрахгүй гэх болсон. Улс төрийн энэ эгзэгтэй үед АН-тай тохирох бус нам дотроо өнөө 30-тайгаа хэл амаа ололцоод, хилийн хоригийг цуцлах гэх мэтээр аргалж, аргацаасаар ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд орох нь МАН-д шулуухан ч байдал яаж ч эргэж мэдэхээр байгаа аж. Учир нь, 62-ийн бүдүүн бүлэг дэх Д.Амарбаясгалангийн талынхан Хэнтий аймагт уулзаж, намрын улс төрийн зураглал гаргасан гэх мэдээлэл байна. Түүгээр ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийг бодож, засаг төрөө тогтвортой байлгах нь зөв ч тэдний "өстөн, дайсан" болоод буй ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг солих саналыг Ерөнхий сайд Н.Учралд тавьсан гэдгийг эх сурвалж хэлж байв. Энэ саналыг хэрхэн хүлээж авахаас хамаараад МАН-ынхан АН-ын огцруулах акцад нэгдэх эсэхээ шийдэж, тариа будаа хураах цаг,намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн улс төр бужигнахаар нөхцөл байдалтай байна.  

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.229
    1 минутын өмнө

    Наад ногоон малгайтаа өшиглөж явуулчхаад амар сайхандаа жаргаач.

    Хариулах
  • 202.21.118.125
    3 минутын өмнө

    Нүүрсний хулгайч Ллруудыг бүгдийг нь шоронд нь шаа

    Хариулах