“Эрдэнэт”-ийн 49 хувь шийдэгдэхэд ойртсон уу

Zuv.mn
1 цаг 30 минутын өмнө

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын даргаар ажиллаж байхдаа цагдан хоригдож, улмаар Сингапур улс руу эмчилгээнд яваад эргэж ирээгүй байсан Д.Эрдэнэбилэг Монголдоо буцаж иржээ.

Д.Эрдэнэбилэг нь “Хөтөлийн цемент шохой” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийг концессоор , “Эрдэнэт” УБҮ-ийн 49 хувийг ОХУ-аас 400 сая ам.доллараар худалдаж авсан гэдгээрээ олон нийтэд танигдсан нэгэн бөгөөд хожим дээр дурдсан бүх компаниудыг төр мэдэлдээ буцааж авсан. Гэвч өр төлбөрийн асуудал нь одоо болтол шийдэгдээгүй байгаа юм.

Тодруулбал, Монголын төр Д.Эрдэнэбилэгт өртэй. Чухам энэ өрөө төлөхгүйн тулд зохиомлоор “алдагдал” үүсгэж, улмаар хэрэгт татсан ч гэдэг. Тодруулбал, “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авахад төлсөн 400 сая ам.долларыг төлөхгүйн тулд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концессыг хүчингүй болгож, хийсвэр байдлаар их хэмжээний алдагдал үүсгэн “Улсад их хэмжээний хохирол учруулсан” хэрэгт ороож, нэг ёсондоо барьцаалж, тэрхүү алдагдлыг “Эрдэнэт” УБҮ-ийн 49 хувийг худалдаж авсан 400 сая ам.доллараас суутган тооцохыг эрмэлзсэн гэсэн үг.

Гэвч тус, тусдаа компаниуд тусдаа заргалдаж байгаа, түүнчлэн оруулсан хөрөнгө оруулалтууд нь яг таг тогтоогддог, харин “улсад учруулсан” гэх хохирол нь тогтоогдож өгөхгүй золигтоод байсан учраас Шүүх дээр гацаахаас өөрийг хийж чадалгүй өнөөдрийг хүрсэн гэдэг. Хэдэн сарын өмнө “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” дээр Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарсан ч өр төлбөрийн асуудал нь одоо ч шийдэгдээгүй.

Ийм л нөхцөл байдалтай байхад Д.Эрдэнэбилэг Монголд ирсэн гэх мэдээлэл тарлаа. Энэ бол “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал шийдэгдэх магадлал асар өндөр болсны шинж бөгөөд хамрах хүрээнд нь “Хөтөлийн цемент шохой” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Эрдэнэт” УБҮ-ийн 49 хувийг авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК, бүр цаашилбал “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК, удахгүй УИХ-аар орох алтны зарим ордын асуудлыг ч хамарсан хэлцэл хөшигний ард өрнөж байх магадлалтай юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна