Эрчим хүчний сайд Б.Найдалаагаас СОР17 хурал болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр, “СОР17 бол цөлжилттэй тэмцэх талуудын уулзалт. Цөлжилт бол дэлхий нийтийн асуудал, тэр дундаа Монгол хүн бүрийн асуудал. Тиймээс энэхүү хуралд эрчим хүчний яам ач холбогдол өгч оролцож байна. Бид хурлын үеэр тусгайлан хагас өдөр эрчим хүчний шилжилтийн стратегийг танилцуулж байгаа. Эрчим хүч, байгаль орчинтой холбоотой санхүүжүүлэгч, хөрөнгө оруулагчтай тусгайлан уулзалт хийж байгаа.
Эрчим хүчний салбарт одоогийн хэрэгцээгээр 9,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Бид шугам хоолой, дэд бүтцээ сайжруулах ёстой. Дэд бүтцээ сайжруулж байж сэргээгдэх эрчим хүч, нарны цахилгаан эрчим хүч, салхины эх үүсвэрээ ярих ёстой.
Мөн эх үүсвэр барихад бидэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Нэг зүйл баталгаатай хэлье. Монгол оронд байгаа сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц рүү орж ажиллахад хөрөнгө оруулагчид бэлэн байгаа. Гагцхүү бид өөрсдөө бэлэн үү гэдэг л асуулт хэвээр байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна