Н.Учралыг Хуан Перон, 2027 оны төсвийг "Хортой чихэр"-тэй зүйрлэсэн О.Цогтгэрэлийн сануулга

Zuv.mn
1 цаг 51 минутын өмнө

Засгийн газар 2027 оны төсвийн төслийг өнгөрсөн жилийнхээс даруй 9.6 их наяд төгрөгөөр илүү зарлагатай боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа билээ. Төсвийн нэмэгдлийн дийлэнх нь хоол хүнсэнд зарцуулагдаж инфляци хөөрөгддөг цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжид зориулагдсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна.  

ААН-үүдийн төлсөн татвар, байгалийн баялгийн ашиглалт, борлуулалтаас орж ирэх ногдол ашиг, хувийг үндсэндээ тэтгэврийнхэн, төрийн алба хаагчдад тарааж өгөх энэ бодлого нь ирэх онд ААН-үүдэд хүнд тусах вий гэсэн болгоомжлол бий болж эхэллээ. Тэгвэл төсвийн хөрөнгөөр хийх ажлыг ч “Ард түмнээсээ асууна” хэмээж буй Ерөнхий сайд Н.Учралыг Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Аргентины эдийн засгийг сүйрүүлж асан Хуан Перон, 2027 оны төсвийг Хуан Пероны баталж байсан популист төсөвтэй зүйрлэн хатуухан шүүмжилжээ. 

Тэрбээр “Н.Учралд МАН-ын дарга, Ерөнхий сайд гэсэн давхар статус бий. МАН-ын даргын хувиар бол тэр 2027 оны төсвийг сайн хийжээ. Айсуй ирж буй сонгуулиудад МАН ахмадууд, төрийн албан хаагчдын саналыг бүрэн аваад ялья гэж зорьжээ. Ингэснээрээ тэр энэхүү төсвөөрөө залуучуудад “салаавч” өгчихлөө.

200, 300 мянгаараа дайжсан залуучуудынхаа араас та нар “Монголоос зайл” гээд эелдгээр хэллээ. Өдөр бүр дампуурч үүдээ барьж буй бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн, аж ахуйн нэгжүүдэд “шанаа” өгч, та нар МАНьд хамаагүй шүү гэдгээ ил тод хэллээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэн, төрийн албаны цалин өссөнийг дагаад цалин хөлсөө нэмэх, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх сорилт ААН-үүдийн өмнө ирлээ. Малчид, хувийн хэвшлийн ажилчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд ч “хуцацгаа” гэж хэлжээ.

Тооцоо нь маш энгийн. Монгол 2,2 сая сонгогчтой. Тэдэнд ирц 50+ хувь байхад хангалттай. Ихдээ 1,2 сая сонгогч саналаа өгнө. Ялахад 600+ мянган санал хэрэгтэй. Монголын хүн амыг бүлэг, ангиллаар тавьж байгаад хамгийн амархан авч болох хэсэг рүүгээ тэгвэл төсвөө чиглүүлчихжээ.

Түүнийгээ 500 мянган тэтгвэр, тэтгэмж авагч, 220,000 төрийн албан хаагчдын саналаар “босгох” нь. Ялалт л чухал гэж тооцож, онилсон хэсгийнхэндээ сонсголонтой “амтат чихэр” өгөхөөр шийджээ.

Улсын Ерөнхий сайдын хувьд бол урхаг ихтэй, гутамшигтай төсөв хийжээ. Энэ намартаа Ерөнхий сайдын албанаас уначихгүй, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдчихгүйн тулд инфляци, бараа бүтээгдэхүүний үнэ яаж өсөх, өр зээл яах, салбарын болон бүтээгдэхүүний төрөлжилт, бүтээмж хэрхэх нь хамаагүй гэж тэр боджээ.

70 жилийн өмнөх Аргентины Хуан Пэрон шиг “амтат чихрийг” ард түмэндээ амсуулья гэжээ. Нийт төсвийг 10 их наядаар тэлсний 80 хувь нь урсгал зардал. Үүнийгээ хэзээ орох нь тодорхойгүй ОТ-ийн ноогдол ашиг, ТӨХК-иудын ногдол ашиг, гадаад дотоод зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Ойрын 2,3 жилдээ орлого олдог нүүрс, зэсийн үнэ өндөр байх юм байна, Монголд цаашид уул уурхай, төрийн өмчит компаниуд л үлдэж хоцорно, бусад нь хамаагүй шүү гэж Засгийн газраас хатуухан хэлж байна. Тэндээс олсон мөнгөө төрийн алба, тэтгэврийнхэн рүү тэгшитгэж хуваана, дутвал зээлнэ.

Урсгал зардлыг тэлж, тэтгэвэр, цалинг нэмж бололгүй л яах вэ. Гол нь ардах эх үүсвэр нь, орлого нь найдвартай байх ёстой. Нэг удаагийн орлого, нэмээд өр зээл тавьж ингэж дураараа дургиж боломгүй л баймаар. “Өөхөнд зүү боож” ард түмэндээ, улс орондоо өгч болохгүй.

ОУ-ын зах зээл дээрх үнэ, эрэлт өндөр байгаа цикл дуусахад төрийн эрхэнд МАН ч байхгүй, Н.Учрал байхгүй. Дараагийн засаг бүрдэхэд арай ч ийм байгаагүй улсыг ингэж самарлаа гээд дараагийн популизм, PR-аа хийнэ гэж тооцжээ. Харин тэр цаг ирэхэд Монголчууд, үнэнтэй нүүр тулсан ард түмэн яах вэ” хэмээсэн байна.

О.Цогтгэрэл бол сөрөг хүчний намын дарга, түүний энэ сануулга бол зүгээр нэг үглэж яншиж байгаа хэрэг биш нь ойлгомжтой бөгөөд төсвөөс үүдэлтэй намрын улс төр халахыг дохиолж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна