“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тавантолгой түлш” ХХК-тай 2018 оноос хойш эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийн 20 гэрээ байгуулжээ. Энэ хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтад нийт 1,761.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд 2021-2025 оны хооронд төлж эхлэх байсан долоон гэрээний хугацааг 1-2 удаа сунгаж, гэрээний эргэн төлөлт огт хийгээгүй байна.
Ингээд зогсохгүй “Тавантолгой түлш” компани 2018-2022 онд хөрөнгө оруулалтад санхүүжүүлсэн 286.8 тэрбум төгрөгөөс 110.6 тэрбумыг нь зориулалтын бусаар зарцуулжээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-2022/83 дугаартай гэрээний дагуу Баяжуулах үйлдвэрийн барилга байгууламж, түүний бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлэх зорилгоор олгосон эхний санхүүжилт болох 34.6 тэрбум төгрөгийг мөн зориулалтын бусаар ашигласан Аудитын дүгнэлт гарсан байна.
Үүнийг шалгуулахаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 2023 оны гуравдугаар сарын 10-нд Сангийн яам, АТГ-т хандсан ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа аж.
Нэмээд, 2023-2025 оны хооронд олгосон санхүүжилт гэрээний дагуу зарцуулагдсан эсэхийг шалгаагүй аж. Энэ нь гэрээний 5.1-д ““Тавантолгой түлш” ХХК нь гэрээний дагуу олгосон санхүүжилтийг зөвхөн...зардлыг санхүүжүүлэх зорилгоор ашиглах үүрэгтэй”, 6.1-д ““Эрдэнэс Тавантолгой” ХК нь энэхүү гэрээний эрх, үүргийг хэрэгжүүлэн хяналт тавин ажиллана” гэж заасантай нийцэхгүй байна.
УИХ-ын 2024 оны 27 дугаар тогтоол, Засгийн газрын 2025 оны 18 дугаар тогтоолоор “Тавантолгой түлш” ХХК-ийн хуримтлагдсан өр төлбөрийг шийдвэрлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж, танилцуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д үүрэг болгосон ч хэрэгжүүлээгүй аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна