УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, ээлжит бус чуулган зарлахтай зэрэгцээд Шүүхээс Булган аймгийн засаг дарга асан А.Ишдоржид 12 жилийн ял оноосон нь анхаарал татав.
Шүүх өмнө нь Нийслэлийн ганц “цэнхэр” дүүрэг болох Сүхбаатар дүүргийн гүйцэтгэх шатны албан тушаалтанд өндөр ял оноож байсан бөгөөд үүнийг Х.Болормаад үзүүлж буй дарамт гэж орчуулах хүн цөөнгүй байсан. Үнэхээр ч эрх баригчид хэн нэгнийг дарамтлах, тохиролцохдоо хууль, шүүхийг дураараа ашиглаж байгаа нөхцөл байдлыг бид бүгд харж байгаа.
Тиймээс А.Ишдоржийн дуулиантай шүүх хурлыг МАН-ын дотоодод болон АН-ынханд дохио өгөх, “айлгах тактик” байж магадгүй гэдэг хардлага байна.
УИХ-ын Ээлжит бус чуулган энэ цаг мөчид эхэлж буй. Ээлжит бус чуулган зарлагдахаас өмнө Засгийн газар 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийг өргөн барьсан. Ялангуяа 2027 оны төсвийг 2028 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг өөрчилж байгаад өмнөх жилийнхээс нь 30 гаруй хувиар нэмэгдүүлж оруулж ирсэн бөгөөд сөрөг хүчин эрс эсэргүүцэж, “УИХ-ын даргыг ҮХЦ-д өгнө”, “Засгийн газрыг огцруулна” хэмээн мэдэгдээд буй.
Өөрөөр хэлбэл, одоо эхлэх Ээлжит бус чуулган төсөв хэлэлцэх бус Засаг огцруулах чуулган болж болзошгүй бөгөөд Засаг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явагдах нь бараг тодорхой.
Гэтэл энэ эгзэгтэй үед Монголын шүүх авлигын гэмт хэрэгт гэнэт хатуурхаж,10 сая төгрөгийн хэрэгтэй хүнд 12 жилийн ял өгсөн нь УИХ дахь “Барцаатай” гэгддэг гишүүдэд мессеж өгөх зорилготой байж магадгүй гэсэн хардлага байна.
Одоогийн Парламент дотор авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, АТГ, Прокурор дээр хэрэг нь боогдсон гишүүд бий. УИХ-ын гишүүн С.Ганбаатар эдгээр гишүүдийн тоог зарлаж, “Яллагдагчаар татагдсан л бол гишүүдийг шууд бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх” санал гаргахад одоогийн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр улдан эсэргүүцэж байсныг үзэгчид санаж буй биз.
Яллагадахад бэлэн барьцаатай гишүүдийг УИХ-ын чуулганд оролцуулж, улс орны хувь заяа, төсөв мөнгөний зарцуулалтад оролцдог байдлыг зогсоох гэсэн нэг оролдлого ийнхүү бүтэлгүйтсэн тул С.Ганбаатар гишүүний хэлсэн тоонд орсон гишүүд Ээлжит бус чуулганд оролцоно. Төсөв шийднэ, Засаг унагах эсэх асуудлыг ч шийдэлцэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна