Зөнч Мухамедыг үгүйсгээд цаазын ял сонссон бүсгүйн эмгэнэлт хувь заяа

Х.Батсайхан
1 цаг 52 минутын өмнө

Пакситаны хүн амын багахан хэсгийг эзэлдэг Христийн шашинт эмэгтэй Ашиа Бибиг тус улсын шүүх цаазаар авах ялаар шийтгэж, хожим олон улсын шахалт шаардлагаар өршөөн хэлтрүүлжээ. Хэдий эмэгтэй өршөөгдөж, эдүгээ эх орноосоо дүрвэн тайван амьдралтай залгасан ч Пакистан улсын нэр хүнд ихээхэн унаж, аялал жуулчлалын салбар нь хохирол амсаж байсан түүхтэй. 

Хүнийг хэлж ярьсан үгнийх нь төлөө шүүх нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хэзээ ч дэмжлэг хүлээхгүй, улс орны нэр хүндэд маш сөргөөр нөлөөлдөг гэдгийг Ашиа Бибигийн түүх харуулдаг юм. 1971 онд төрсөн энэ эмэгтэй 2010 онд 39 насандаа Шекхупурын шүүхээс "Бурхныг доромжилсон" хэргээр цаазын ял сонсож, 2014 онд Лахор хотын Дээд шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээсэн гэдэг мэдээг хүлээж авч байв. Пакистаны Дээд шүүх цагаатгасан шийдвэрийг 2018 оны аравдугаар сарын 31, 2019 оны нэгдүгээр сарын 29-нд хоёр удаа гаргах хүртэл цагдан хоригдсон. Сууллагдсаныхаа дараа Канад руу дүрвэжээ.       

Пакистанд бурхныг доромжилбол аман мэдүүлгийг нотлох баримтад тооцож ялладаг

Пакистанд ажил, аялал, ер нь ямар ч шалтгаантай бай, очсон л бол лалын шашны асуудалд ихээхэн болгоомжтой хандах ёстой гэдгийг Ашиа Бибид тохиолдсон энэ эмгэнэлт хэрэг харуулдаг.

Ашиа Бибигийн талаарх гомдлыг 2009 онд хөрш айлынх нь хэдэн авгай нар анх шүүхэд гаргасан байдаг аж. Тэгэхдээ, "Аяга хэрэглэж байгаа байдал нь түүний итгэл үнэмшил ариун биш байгааг харуулж байгаа" талаар мэдүүлжээ. Хэсэг хугацааны дараа “Хэрэлдэж байх үедээ Зөнч мэргэн Мухаммедыг доромжилсон утгатай үгсийг гурван ч удаа хэлсэн” хэмээсэн аж. Тэд бүсгүйг  Мухаммедыг доромжилсон даруйд гэрт нь зодож, "Бурхныг нь доромжилсон нь үнэн" гэж хэлүүлэн амыг нь авчихсан гэдгээ давхар мэдүүлсэн гэдэг. Шүүх тэдний мэдүүлгийг нотолгоо гэж хүлээн зөвшөөрсөн нь гаргасан шийдвэрээс нь /Цаазын ял оноосон/ тодорхой.

Шүүх өршөөсөн ч ард түмэн яллана

Шашинд хэт гүнзгий автсан улсын хамгийн аймшигтай тал нь энэ. Шүүх хэдийгээр өршөөсөн ч ард түмэн түүнийг өршөөхгүй гэдэгт Ашиа Бибигийн өмгөөлөгч бараг л итгэлтэй байсан юм. Тэрбээр үйлчлүүлэгчийг нь шоронгоос сулласан ч уурсаж хилэгнэсэн ард иргэд үргэлжлүүлж, гэсгээн цээрлүүлнэ гэдэгт тэрээр санаа зовниж байсан бөгөөд Ашиа гадаадад дүрвээгүй бол үнэхээр тийм зүйл болох байсан ч байж мэднэ. 

Түүний зовинол дэмий биш. Пакистандаа нэртэй улс төрч, Пенжаб мужийн захирагч Салман Тасир “Бурхныг доромжилсон” гэх хэргийг Эрүүгийн хуулиас хасах, ял шийтгэлийг нь хөнгөрүүлэх санаачилга гаргаад бусдад хөнөөгдөж байжээ. 

Салман Тасирыг Ашиа Бибиг суллахыг дэмжсэний төлөө бие хамгаалагч нь автомат буугаар шүршин хөнөөсөн байдаг. Алуурчин Мумтаз Кадри үйлдсэн хэргийнхээ төлөө шийтгүүлсэн ч ард түмний дунд баатар болж үлдсэн байдаг. Шүүх хурлын явцад иргэд хэдэн арван мянгаараа цугларч, алуурчныг өмгөөлж байсан нь түүх болон үлджээ. Тиймээс Ашиа Биби эх орондоо үлдсэн бол цаашид амар тайван амьдрах магадлал маш бага байсан юм. Түүний өдүүлсэн хүнд гэмт хэрэг гээд байгаа нь "Христ хүн төрөлхтний төлөө амиа өгсөн. Харин Мухамед яасан юм бэ" гэсэн үгс байсан юм.

Бурхныг доромжлогсдод үзүүлдэг гэсгээл

Бурхныг доромжилсон гэх зүйл ангийг Эрүүгийн хуульд анх 1860 онд оруулжээ. Тухайн үедээ 10 хүртэл жил хорихоор хуульчилсан нь 100 гаруй жилийн турш мөрдөгдөж байж. Генерал Зия уль Хак төрийн эрхэнд гарч, улс орон цэргийн дэглэм тогтсон 1980-аад онд харин энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах шийтгэлд хэд, хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг аж. Тухайлбал,

1980 он. Лалын шашны мэргэдийг доромжилсон бол гурван жил хүртэл хугацаагаар хорих,

1982 он. Коран судлыг гутаан доромжилсон бол бүх насаар нь хорих,

1986 он. Лалын шашныг үндэслэгч, Зөнч мэргэн Мухаммедыг хараан зүхсэн, доромжилсон бол бүх насаар нь хорих буюу цаазаар авах ял шийтгэнэ гэсэн нэмэлтүүдийг оруулж өгчээ.

Хамгийн хачирхууштай нь, бурхныг доромжилсон этгээдийг хатуу шийтгэх уг хууль ард түмний дэмжлэгийг бүрэн хүлээдэгт байдаг. Тийм ч учраас улс төрийн намууд “Бурхныг доромжлох” гэмт хэрэгт ногдуулах ялыг улам бүр чангатгах замаар ард түмнээс хүлээх дэмжлэгээ өсгөхийг оролддог аж. Ахмадийн бүлэг гэгч этгээдүүд хүн амын 1.6 хувийг эзэлдэг христийн шашинтнуудын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулж олон хүнийг Линчийн шүүх маягаар алж талсан ч шийтгэл хүлээсэн нь нэгээхэн ч үгүй аж.

Ашиа Биби гэж хэн бэ

Ашиа Биби нь 1971 онд төрсөн, энэ жил 55 настай. Нөхөр, дөрвөн хүүхэдтэй, христийн шашин шүтдэг пакистан эмэгтэй. Тэрбээр 2010 онд цаазын ял сонссоноор энэ төрлийн гэмт хэргээр шүүхээс ялын дээд хэмжээ авсан анхны эмэгтэй болсон юм. 

Ашиа Бибигийн нөхөр, охины хамт 

Түүнд шийтгэл ногдуулсан явдал олон улсад шуугиан дэгдээж,  өдгөө Пакистанд хүний эрх зөрчигдөж байгаа талаар асуудал гарахад байнга жишээ татдаг болжээ. Шүүхээс түүнд өршөөл үзүүлсэн нь иргэдийн уур хилэнг бадрааж, гэр бүлийнхэн нь ч нутагтаа амьдрах аргагүй болсон. Ашиа Бибигийн нөхөр барууны орнуудаас орогнол хүссэн бөгөөд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй туслахаа мэдэгдэж байв. Эцэст нь гэр бүлээрээ Канад руу гарсан байдаг. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна