Хотын дарга Б.Пүрэвдагва дугаарын хязгаарлалттай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Дугаарын хязгаарлалтын асуудлаар долоодугаар сарын 26-ны өдөр Засгийн газын хурлаар шийдвэр гарсан. Ямар учиртайгаар дугаар хязгаарласан бэ гэвэл хичээлийг шинэ жилийн бэлтгэл болон COP17 хуралтай холбоотой.
Наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдөр буюу энэ Бямба гарагийг дуустал. Их дээд сургуулиудын хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ. Энэ долоо хоногт оюутнууд хичээлийн бэлтгэл ажилтай байгаа учраас үүнтэй хобоотойгоор замын хөдөлгөөн нэмэгдэх тооцоолол гарсан.
Тун удахгүй дугаарын хязгаарлалттай холбоотойгоор 28 хоног дугаар хязгаарлаж 14 хоног хөдөлгөөнд оролцоогүй тул татварын хөнгөлөлтийг үзүүлэх тооцоолол танилцуулна. Дугаарын хязгаарлалт дуусмагц энэ шийдвэрийг албажуулж иргэн бүрийн автозам ашигласан татвараас хасна.
-Ойролцоогоор хэдэн төгрөгөөр хасах вэ?
-Нарийн тооцооллыг би эргээд мэдэгдье. Өдрөөр нь тооцоод хасна гэсэн үг.
-Оюутнууд орж ирэхээр дугаарын хязгаарлалтыг сунгана гэж байсан уу?
Сунгахгүй. Сунгаж болохгүй. Саяхан яалт ч үгүй улирлын том үйл ажиллагаа давхацсан учраас л дугаарын хязгаарлалтыг хийсэн. Уг нь бол дугаарын хязгаарлалтыг хиймээргүй л байгаа. Бидэнд байгаа замын хэмжээ болон машины тоо нь бараг тэг зогсолт хийгдэхээр тооцоолол гарсан учраас л ийм сонголтыг хийсэн.
Хичээл сургууль орох дөхөөд амьдрал эрчимжиж байгаа энэ үед л ээлж ээлжээрээ ажлаа зохицуулах боломжийг олгоё гэсэн шийдвэр байсан юм.
-Автобусны суудлаа иргэн захиалдаг болно гэсэн мэдээлэл явж байгаа. Энэ дээр тайлбар хийгээч?
-Урьдчилан захиалдаг болох туршилт хийж байгаа юм. Тэрнээс одоогоор энгийн ажиллаад явж байгаа. Нийтийн тээвэр бодлогын хэд хэдэн өөрчлөлтүүдийг хийх гэж байгаа. Явах цагийг нь тодорхой болгох, хэдэн минутын дараа ирэх зэрэг мэдээллүүдийг иргэддээ өгдөг болгох гээд байгаа юм.
Удаан хүлээдэг асуудлыг хурдан болгох гэж хичээж байгаа. Автобус тогтсон цагтаа ирдэг байвал иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх нь ихэсэх юм. Энэ жилийн хугацаанд нийтийн тээврийг Улаанбаатар хотын иргэдийн 26 хувь л хэрэглэж байгаа. 2019 онд 56-57 хувь нь хэрэглэдэг байсан. Нийтийн тээврийг илүү их хэрэглэх боломжийг олгох тал дээр анхаарлаа хандуулж байна.
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлын үеэр Улаанбаатар хот “BYD” компанитай гэрээ байгуулсан. Энэ асуудалтай холбоотойгоор өнгөрсөн амралтын өдрүүдээд БНХАУ-ын Шинжинь хотыг зорьчихоод ирсэн.
Хамгийн сүүлийн үеийн ногоон, ухаалаг тээврийн хэрэгслийн нэвтрүүлээд дөрвөн жил болж байгаа. Энэ нь метроноос дөрөв дахин хямд. Мөн хийгдэх хугацаа нь хоёр дахин богино. Үүнийг Монгол улсад хийх яриа хэлэлцээрийг эхний түвшинд хийсэн.
Бид 2027 он гэхэд шинэ нийтийн тээврийг нэвтрүүлэх зорилготой. Дүүжин тээвэр есдүгээр сарын 15-нд техникийн туршилтууд хийгдээд, комисс хүлээж авах үйл явц дууссаны дараа арванхоёрдугаар сарын 15 гэхэд үйл ажиллагааг нь нэвтрүүлэх төлөвлөгөөт ажлууд хийгдэж байгаа.
Бид түгжрэлийнхээ асуудлыг шийдэхийн тулд дан ганц зам бариад байхаас илүүтэй нийлүүлэлт бус эрэлтэндээ анхаарах шаардлагатай. Эрэлт гэж байгаа нь машин оруулж ирээд байгааг хэлж байгаа юм. Жилд 40-50 мянган машин орж ирж байна. Эрэлтийг бууруулахын тулд бид нийтийн тээвэр болон их багтаамжтай тээврийн хэрэгслүүдийг маш хурдан хугацаанд нэмэх шаардлагатай.
Бид нийт 110 км дугуйн болон скүүтер, мопедны замыг барьсан байгаа. Улаанбаатар хотын төвийн зарим хэсгээр давхар зам барих боломжгүй учраас авто замын хөвөөн дээр ногоон тэмдэглэгээтэй замуудыг хийж өгсөн. Ингэхгүй бол явган хүний зам дээр гэмтэж байгаа хүний тоо нэг жилийн дотор 2700 хүрээд байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна