Т.-Ням-Очир мэдэн будилсан уу

Zuv.mn
2 цаг 18 минутын өмнө

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир өчигдөр “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн хүрээнд "Их засаг кинг", "Шинэ санаа", "Империал" зэрэг гурван сургууль төсвийн хөрөнгөөр тоног төхөөрөмж худалдаж авах хүсэлт гаргасан гэж ярьсан билээ.

Гэтэл дараахан нь “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн хүрээнд хамтарч ажиллах саналыг дөрвөн сургуульд тавьснаас нэг сургуультай нь хамтарч ажиллаж байна. Нэг сургууль нь хамтарч ажиллахаас татгалзсан. Тэр нь “Их засаг кингс” сургууль” гэж ярьжээ.

“Их Засаг Кингс” сургууль нь “Их засаг” их сургуулийн харъяа болох нь нэрнээсээ тодорхой бөгөөд их сургуулийг нь Намсрайн Ням-Осор, Ням-Осорын Ундрал, Ням-Осорын Учрал нар хамтарч эзэмшдэг гэдэг мэдээлэл нээлттэй эх сурвалжид байсан. Үүнийг 2025 онд өөрчилж, эцсийн өмчлөгчөөр Ерөнхий сайдын ээж Ж.Цэцэгмаа бүртгэлтэй болсон байна. 

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын хамаарал бүхий сургууль байж болохоор бөгөөд /өөрөө ч өнөөдөр хэвлэлд баталж ярьсан/ төсвийг Засгийн газар өргөн барьсан тул ашиг сонирхлын зөрчил болох магадлалтай юм.

Ерөнхий сайд Н.Учралын хувьд, хамаарал бүхий аж ахуйн нэгж нь яагаад ч юм бэ, улсаас олгож байгаа хөнгөлөлттэй зээл, боломжуудад хамрагдчихдаг хуучтай. Нэг ААН нь ЖДҮХС-гаас зээл авсан ч хэвлэл мэдээллээс хэсэг зугтсаныхаа дараа “Төлчихсөн” гэж хэлж гарч ирж байсан.

Тэгвэл энэ удаад “Их засаг кингс” дунд сургууль нь төсвөөс тэрбумаар хэмжигдэх мөнгөөр тоног төхөөрөмж авах гэсэн асуудалд холбогдлоо.  

Харин “Их засаг” их сургуулийн Гүйцэтгэх захирал Жамбалын Цэцэгмаа /Ерөнхий сайд Н.Учралын ээж/ "Бид төрөөс ямар ч санхүүжилт хүсээгүй, аваагүй" хэмээн мэдэгдэл гаргасан. 

Энэ асуудлаар мөн Ерөнхий сайд Н.Учрал, "Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ. Боловсролын яам тус санхүүжилтээ нээлттэйгээр түмэн олондоо ярих хэрэгтэй. Будилуу яриагаар биш тэр асуудлаа нотлох баримттайгаар ярих хэрэгтэй. Би хариуцлагатайгаар хэлье. Төсөв мөнгөн дээр суулгачихсан байгаа хөтөлбөрөө олон нийтэд ямар зорилготой, ямар үйл ажиллагаа хийх юм гэдгээ ил тод тайлбарлах нь зүйтэй. 

Хувийн сургуульд хувьсах зардлыг жил болгон төлбөртэй нь уялдуулан өгдөг юм билээ. Таван саяас бага төлбөр хүүхдээс авч байгаа бол тодорхой дэмжлэг үзүүлж явсан юм билээ. Хэдэн жилийн өмнө журмаа шинэчилсэн юм байна гэж би ойлгосон" гэлээ. 

Уг нь “Гэрт ойрхон сургууль” хэрэггүй биш, тулгамдсан асуудлыг оновчтой шийдсэн сайн хөтөлбөр. Авч байгаа тоног төхөөрөмж нь тухайн сургуульд үйл ажиллагаа явуулах улсын сургуулийн салбар буюу улсын сургууль гэж суралцаж байгаа сурагчдын хэрэглээнд л зориулагдаж, тэднийгээ дагаж явахаас биш, хувийн сургуульд өмч өгөөд байгаа хэрэг биш. Хамтарч байгаа хувийн сургуулиуд ч ашиг хонжоо олох гэхээсээ төрийн ачаанаас үүрэлцье гэж байгаа нь ойлгомжтой.

Гэтэл ийм тов тодорхой асуудлыг үнэн зөвийг нь олохоос урьтаад төрийн албан хаагчаар ойр, ойрхон эсрэг утгатай мэдэгдэл хийлгэж байгаа нь өөрөө ёс зүйн хариуцлага тооцох ёстой кэйс болж магадгүй.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна