Засгийн газрын өргөн мэдүүлсэн анхны төсөв саадтай тулгарлаа

С.Батзаяа
2 цаг 37 минутын өмнө

Намрын улс төр арай эрт эхэллээ. Есдүгээр сарын 7-нд ээлжит бус чуулган эхэлж, энэ оны төсвийг тодотгохоор хэлэлцэж эхэлсэн ч Байнгын хороодын ирц бүрдсэнгүй гацав. Өнгөрсөн баасан гарагт товлогдсон байсан Эдийн засаг, Төсвийн байнгын хороо хуралдсангүй. Танхим хоосон, ирц 30 гаруй хувьтай хэр нь гишүүд хэд хэдээрээ нэгнийхээ өрөөнд орж, “албан бус”-аар хуралдав. Ордон дотор байгаа хэр нь ирцэд оролгүй ийн хийцгүйрч буйгаа Ардын намынхан Ардчилсан намыг буруутгана лээ. Тэд л ирцдээ орохгүй учраас төсвийн хэлэлцүүлэг хойшлоход хүрч, бид хуралдаж чадахгүй байна гэх.

Яг үнэндээ, 2016 оноос хойш гурав дахь удаагаа үнэмлэхүй олонх болж, засгийн эрх барьж буй МАН-д энэ бол ичгэвтэр явдал. УИХ дахь намын бүлэг, нийслэл, НИТХ гээд төрийн эрх барьж буй байгууллагууддаа хоёр талцаж, Л.Оюун-Эрдэнээс Н.Учралд, Х.Нямбаатараас Б.Пүрэвдагвад шилжээд буй энэ эрх мэдлийн хуваагдал нам, бүлэг, Засгийн газрын кабинет дотроо талцал хуваагдлаас гадна хяналт-тэнцэл бий болгосон. Нэгнийхээ хийсэн булхай, луйврыг хэвлэлээр хайр найргүй ярьдаг хэр нь одоогоор хууль хяналтын байгууллагаар шалгуулаад, гэм буруутай нь тогтоогдсон хүн алга. “Та нар намайг шүүвэл чиний, таны ч гэсэн авлига, хулгайг зарлана шүү” гэж сүрдүүлдэг. Тасралтгүй 10 жил ээлжилж сайд, дарга хийсэн эрх баригчид эрх мэдлийн болоод булхай, луйврын гинжин хэлхээнд хэдийнэ орсныг эндээс харж болно. Хотын дарга асан Х.Нямбаатар ч олон нийтийн сүлжээнд “Та нарыг бүгдийг чинь мэднэ шүү. Нэгнийхээ булхайг сайхан дуудалцъя” гэсэн байдаг.  

Н.Учралын Засгийн газрын өргөн мэдүүлсэн анхны төсөв ийн саадтай тулгарлаа. Ерөнхий сайдын ээжийн эзэмшдэг “Их засаг кинг” сургууль төсвөөс хувьсах зардал, тоног төхөөрөмж тохижилт зэрэгт 3.5 тэрбум төгрөг авахаар хүсэлт гаргасан гэх дуулиан дэгдсэнтэй нэг талдаа холбоотой. Хэдий гүйцэтгэх засаглалын тэргүүн үүнийг үгүйсгэсэн ч УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд төсвийн задаргаа үзүүлж, батлав. Тэр задаргааг саналын түвшинд байсан, төсөвт огт тусгагдаагүй гэх тайлбар ч зарим гишүүн газар дээр нь байсан мэтээр тайлбарлалаа.

Төсвийн тодотголын төслөөс гаргаж ирсэн энэ “эксел файл” бол АН-ынханд боломж. Сөрөг хүчний үүргээ дорвитой гүйцэтгэж чадахгүй бүрэн эрхийн хугацааныхаа тэн хагаст ирсэн АН-д МАН-ын дарга, Ерөнхий сайдыг мэхт мэхэндээ гэх аргаар “унагах” үзэгдэлд МАН дахь сөрөг хүчнийхэнтэй хамтран хүч хавсрах нь хэвийн болоод эрүүл үзэгдэл мөн. Тиймдээ ч АН-ынхан бүлгийнхээ ажлын албаны даргаар АТГ-ын гадаа мэдэгдэл хийлгүүлсэн. Энэ мэдээг сонссон даруйд Ерөнхий сайд Н.Учрал АТГ-ын гадаа очдог нь хүндээ хөнгөнөөс өгсөн үйл явдал боллоо. Учир нь, АТГ-ын даргыг  Ерөнхий сайд УИХ-д санал болгож, хэлэлцүүлж, томилуулдаг. Өөрийнхөө томилуулдаг газартаа өөрөө гүйж очин хүсэлт гаргана гэх нэрийдлээр хэвлэлд “Настай аав, ээжийг минь миний ажил албан тушаалтай бүү хутга” хэмээн ярьсан нь зүгээр л “гоншгоносон”, өрөвдүүлэх гэсэн тактик гэлтэй. Гэхдээ улс төрд тийм нялуун “хайр” байхгүй. Ард түмэн л ахмадууд л эвийлэх мэдэгдэл байв.

Засгийн газар ахмадуудаасаа, эмч, багш нараасаа мөнгө харамлахгүй цалин, тэтгэвэр нэмнэ гэсэн пи-ар хийж, нөгөө талд 1.4 их наядыг танасан гэж буй ч бодит байдал дээр хэт үрэлгэн төсөв болсон гэдгийг гишүүд шүүмжилж байна. Ганц хуулийн төсөл боловсруулах судалгаа хийхэд 372 сая төгрөг төсөвлөнө гэдэг бол хэтийдсэн явдал. Энэ мэтээр төсвийг танах бус талын нэг тарааж өгсөн гэх шүүмжлэл байна.

Н.Учралын Засгийн газар байгуулагдаад таван сар гаруй болж байна. Зургадугаар сард төсөв тодотгох байсан ч хугацаа алдсан, одоо намрын их ажил эхэлсэн, өвөлдөө бэлдэнэ. Ийм хахир цагаар төсөв тодотгож, үргэлжлүүлээд ирэх оны төсвийн төслийг хэлэлцүүлэх нь Н.Учралын багийнханд хүндхэн сорилт болж байна. Дотоод улс төрөө дааж чадвал Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Засгийн газар тогтвортой байна гэх яриа ч улс төрийн хүрээнд гарчээ.  

  

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна