Б.Баярбаатар: УИХ тараад яах юм бэ. Дахиад л төсвийн хэдэн зуун тэрбум төгрөгөөр сонгууль хийнэ

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 15 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас дараах тодруулгыг авлаа.

-Шатахуунд очерлож, цаг хугацаагаа алдаж байна хэмээн тэвчээр нь тасарсан иргэд талбайд жагсаж байна. Таны хувьд бензинд очерлож, дугаарладаг уу, нөхцөл байдал ямар байна вэ?

-Эхэндээ очерлоод бензинээ авдаг байсан. Сүүлдээ алхаж явдаг болсон. Гадаа нэг их хүйтрээгүй байна шүү дээ. Шатахуун хомсдож байгааг өнөөдөр биш арай эрт ярих байсан болов уу. Дэлхий геополитиктой холбоотой асуудал хэзээ үүсэв, эрсдэл нь юу байсан бэ, үүнд Монгол Улс бэлэн байсан уу. Хомсдолтой холбоотойгоор гаргаж байгаа шийдвэр цаг үеэ олсон уу. Яагаад ийм нөхцөл байдалд хүрэх болсныг эхлээд дүгнэх ёстой.

Шатахууны хомсдол Монгол Улс төдийгүй бусад оронд ч байна. Цаашдаа энэ нөхцөл байдал үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй. Тэр үедээ яаж бэлэн байдлаа хангах вэ, ямар төлөвлөгөөтэй байх вэ гэдэгт анхаарах ёстой.

Иргэд бухимдах нь аргагүй. Хэдийгээр Орос, Украйны дайнаас үүдэж байгаа ч эрсдэлээс сэргийлсэн байх ёстой байсан. Цаашдаа энэ алдаагаа эргэн харж, ямар арга хэмжээ авч болох вэ гэдэг бодлого боловсруулах нь чухал.    

Үндэсний эв нэгдлийг ярих цаг болсон гэж бодож байна. Монгол Улс байгалийн баялаг ихтэй, цөөн хүн амтай, том газар нутагтай учир эв нэгдлийг эрхэмлэж, нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, хайртай байж асуудлыг давж туулна. Бензин гэлтгүй цаашид олон асуудал гарч ирэх байх гэсэн хувь хүний байр суурьтай байна.

Бид хоосон, орлого муутай, хомсдолтой байж болно. Үүн дээр дөрөөлөөд дотоод нэгдлээ алдаж, бусдын хоол болчихгүй байхын тулд яах вэ гэдэг бодлогыг төр засаг гаргах хэрэгтэй болов уу гэж бодож байна.

-Тэвчээр тасарсан иргэдийг жагсаж байхад нь зохион байгуулалттай хүмүүс оруулж, хэн нэгний захиалгатай жагсаал болголоо гэх талцал явагдаж байна. Энэ тухайд?

-Аливаа асуудлын талцал хуваагдал бидэнд, Монгол Улсад огт хэрэггүй. Харин хөндлөнгийн хүмүүст хэрэгтэй. Монгол Улсын хэсэгхэн газар, нэг хүний амь бидэнд үнэтэй. Гадны улс орнуудад газар үнэтэй мөртлөө хүний амь үнэгүй байдаг. Тийм учраас Монгол эх орондоо эзэн нь байж, эв нэгдлээ хамгаалж байж асуудлыг давж гарна.

Жагсаал хийж, бухимдлаа илэрхийлж болно. Энэ Үндсэн хуулиар олгогдсон эрх. Хамгийн гол нь шийдэл нь юу вэ? Жагсаалын үр дүнд төр ямар шийдвэр гаргаж, ямар арга олох вэ гэдэг асуудал өнөөдөр чухал. Үгүй бол жагсаал хийгээд улстөржөөд эмх замбараагүй байдлыг бий болгож асуудал хүндэрвэл эргээд яах вэ. Бид энэ нөхцөл байдлыг барьж чадахгүйд хүрвэл аюултай.

Энэ хүндрэл зөвхөн Монгол Улсад биш дэлхийд ч үүсээд байгаа асуудал. Улстөржилт, талцал хуваагдлыг хойш тавих ёстой. Хэрүүлд ялагч байдаггүй гэж үг байдаг.

-УИХ-ыг тарах шаардлагатай гэх гишүүд байсан. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ тараад яах юм бэ. Дахиад л төсвийн хэдэн зуун тэрбум төгрөгөөр сонгууль хийнэ. Өнөөдөр Парламентыг тараахаас илүүтэйгээр яаж илүү нээлттэй байх вэ гэдэгт бодлого гаргаж ажиллах хэрэгтэй. Үүний суурь нь олон нийтэд нэр хүнд нь асар ихээр унасан улс төрийн намууд. Улс төрийн албан тушаалд нэр дэвших эрхтэй ганц субъект нь улс төрийн нам.

Миний хийсэн судалгаанд 2000 оны 76 гишүүнтэй парламентын нийт таван хувь нь бизнесийн төлөөлөл байсан бол 2020 оны парламентын гишүүдийн 90 хувь нь бизнесийнхэн болсон байна. Бизнесийн төлөөлөл буюу бүлэглэлийн төлөөлөл парламентад олноор орж ирээд мөнгөний сонгууль хийж, санал худалдан аваад байхаар УИХ ард түмний төлөөлөх бус бизнес төлөөлөх болчихно. Үүнтэй уялдаад батлагдаж байгаа хуулиуд нь нийт ард түмний эрхийг хангасан биш бизнесийн эрх ашиг, бүлэглэлийг хамгаалж, шударга бус байдлыг бий болгоод байгаа юм.

Дагаад парламентын нэр хүнд унана. Үүнээс үүдэн ард түмнийг төлөөлсөн нэртэй ч бизнесийг хамгаалсан хууль батлаад ирэхээр хяналт алдагдаж, хаалттай болно.

Өнөөдрийн 126 гишүүнтэй парламент хэл ам ихтэй ч далд байсан зүйлийг ил болгож, хяналтын үүргийг хэрэгжүүлж, олон сонсголуудын зохион байгуулж байна. Иргэд ойлгохгүй доог тохуу хийж байгаа ч хөшигний ард байсан хуйвалдаан бүрийг ил болгохын төлөө л ажиллаж байгаа.

Парламентын гишүүд зам, сургууль, гүүр барьдаг бус ард түмнийг төлөөлдөг хүмүүс. Ард түмний төлөөлөл болж дуу хоолойгоо өргөн хуулиа батлуулдаг. Хууль нь ард түмний нийтлэг эрх ашгийг хангадаг, төсвийн хөрөнгөө парламентын хяналтад хэрэгжүүлдэг байж л жинхэнэ төлөвшил явагдаж, цаашлаад парламентын нэр хүнд өснө.


 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна