Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал гурваар бүхнийг дийлж л бай

Б.Мөнхболд
1 цаг 25 минутын өмнө

Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлсэн. Түүнийг эрүүгийн хуулийн 22.1 дэх заалт буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" үндэслэлээр яллагдагчаар татсан тухай мэдээлэл олон нийтэд цацагдсан. Үүний араас одоогийн хотын дарга Б.Пүрэвдагва "Өмнөх хотын удирдлагуудыг нэг ч тоосго тавихгүйгээр 700 тэрбум төгрөгийг газар чөлөөлөлт, дэд бүтцэд зарцуулсан" хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл Хотын дарга асан Х.Нямбаатар үүний хариуд дараах мэдээллийг өөрийн цахим хуудсанд нийтэлжээ.

Тэрбээр "Газар чөлөөлснөөр 5000 орчим янданг байхгүй болгосон. Сэлбэ, Баянхошуу, Шархад, Ханын материал, нүхэн гарцууд, авто замуудын трасс, нэгдүгээр хорооллын арын өргөн зам, Яармаг, Гандан, Ногоон нуур, сургууль, цэцэрлэгүүдийн, инженерийн байгууламжуудын трас дагуух газар чөлөөлөлтүүдийг хийсэн. Дахин төлөвлөлт гэдэг бол газар чөлөөлөлт. Хэрэв манай баг ажлаа үргэлжлүүлж байсан бол 2027 гэхэд ЧД-ийн 13, 14-р хороо СБД-ийн 13, 14-р хороодын 2500 орчим айлыг бүрэн чөлөөлж 17-гийн уулзвар хүртэл гэр хороололгүй болгох төлөвлөгөөтэй байсан. Иргэд ч их хүлээлттэй байсан.

Газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдийн дунд хийсэн судалгаагаар 90 хувь нь орон сууц худалдаж авсан, мөн хөл дүүжлэх унаа авсан гэсэн дүн гарсан.

Янданг буулгаж, гэр хорооллыг орон сууцжуулах нь агаарын бохирдлыг бууруулж буй нийгмийн эрх ашиг. Энд гарсан зардал үр ашгаа өгсөн гэж тооцож, газар чөлөөлсөн зардлыг орон сууцны м2-ийн өртгөөс хасаж тооцох хувилбар байж болох байсан. Газар чөлөөлөлтгүй агаарт бүтээн байгуулалт баригдахгүй нь лавтай. Улаанбаатар хотын түүхэнд ийм том дахин төлөвлөлтийн суурь болсон газар чөлөөлөлт нэг дор хийгдэж байгаагүй.Ч.Лодойсамбууд хэлэхэд, чи нам дамнаж бие ээ үнэлэлгүй ажил хийж амьдраарай нөхөр минь.

Хүргэн чи сөөм газар ч чөлөөлөөгүй байгаа шүү. Юу ч хийхгүй байгаа шүү. Тархи чинь хүрдэггүй юм аа гэхэд хүний эхлүүлсэн ажлуудыг зогсоолгүй үргэлжлүүлмээр. Хотын захиргааг авлига нэхсэн залуучуудын холбооны хэдэн нөхдөөр дүүргэлээ. Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёс хугацаатай гэдгийг санаарай. Шүүмжилсэн болгонд хэрэг үүсгэж сошиалаар яллах та нарын хугацаа найман сарын дараа дуусна.

Иргэд та нарын бодлогогүй мунхаглалаас болж туйлдаж байна. Бензин шатахуун байхгүй, үнийн өсөлтөд туйлдаж байгаагийн бүх бурууд танай гэр бүл буруутай шүү. Жижиг аж ахуй эрхлэгчид бүгд хаалга үүдээ барьж бна. Гоо сайхан, салонууд хүртэл олон олноороо хаалгаа барьж бна. Иргэд аргаа бараад жагсахаар зохион байгуулалттай бараг мань мэтийг зохион байгуулсан мэтээр сошиал тролл армиуд худалдаж авч иргэдээ басамжилна. Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал гурваар бүхнийг дийлж л бай.

Зөвхөн надтай тэмцэх гэж бүх төслүүдийг зогсоосон. Хэрэв явсан бол зам барилгын олон мянган ажилчид ажилтай орлоготой байх байлаа. Туулын хурдны замын ажлыг хууль бусаар зогсоосон танай гэр бүл алдангийг төлөх өдөр ирнэ ээ" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна