Ерөнхий сайд Н.Учрал манай улсын зээлжих зэрэглэл тогтвортой байгаа талаар олон нийтэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Та бүхэнд сайн мэдээ дуулгая. Өнөөдөр олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог гурван агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой гэж зарлалаа. Энэ бол санхүүгийн хуурай тоо биш, бидний сонгосон зам зөв гэдгийг нотолсон дэлхий ертөнцийн итгэлцэл юм. Бид өчигдрийн өрийг өнөөдөр дарж байна. 2020 онд манай улсын гадаад өр урсгал орлогынхоо 184 хувьд хүрч байсан бол 2026 онд энэ хэмжээг 58 хувь хүртэл буулгаж чадлаа. Засгийн газрын цэвэр өрийн хэмжээ дунд хугацаанд хамгийн зохистой хэмжээнд байна гэдгийг нотолсон томоохон нотолгоо болж байна. Бид өргүй өөртөө итгэлтэй эдийн засгийн тусгаар тогтнолыг бодитоор бүтээж байгааг дэлхий нийтийн агентлагууд нэгэн дуугаар зарлалаа. Түлш шатахууны доголдол, үнийн өсөлт бол хөлөг онгоцны тавцанг мөргөх түр зуурын далайн давлагаа юм гэдгийг хэлэхийг хүсч байна. Засгийн газар төсвийн сахилга батыг баримталж, алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүйгээр барьж байна. Бид олсноо шууд үрдэг популист зангаасаа татгалзаж, Баялгийн сандаа бодит хуримтлал үүсгэдэг хариуцлагатай жишгийг тогтоож байна. Ирэх оны төсөвт Баялгийн сангийнхаа хуримтлалыг нэмэгдүүлж, нийгмийн тулгамдсан олон асуудлаа шийдвэрлэж, төр-хувийн хэвшлийн түншлэлээр олон төслүүдээ урагшлуулах, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлээр УИХ-аас батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллулах нөхцөл бүрдэж байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна